2012/12/10

Robocup 2013

Манай роботууд 2013 онд Голланд улсад болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орох болзлыг хангав. Манай багийн танилцуулга видео:

2012/10/19

Хазсан алим дээр Монгол толь бичиг

Би уг нь Болор толь бичиг ашигладаг юм. Миний бодлоор Монгол толь дундаасаа хамгийн чанартай нь байх. Харамсалтай нь зөвхөн онлайн хэлбэрээр ашиглаж болох бөгөөд сүүлийн үед сүлжээгүй тохиолдолд байн байн мэдэхгүй үг харах хэрэг гарсан учраас офлайн хэлбэрээр ашиглаж болох толины эрэлд гараад Очирхуягын github дээрээс хэдэн Монгол stardict толь бичиг олов. Энэ хэдэн толь дээр Я. Цэвэлийн толийг нэмээд DictUnifier хэмээх багаж ашиглан Хазсан Алимны үндсэн толь бичиг формат руу хувиргаж Dictionary.app дээр ашигладаг болголоо. Иймэрхүү харагдаж байна:


Та Хазсан алимд зориулсан Я.Цэвэлийн Монгол хэлний тайлбар толь болон Алтэнгэрэлийн Англи-Монгол толь бичгүүдийг эндээс татаж авч болно. Суулгахын тулд татаж авсан файлаа задлаад үүссэн *.dictionary файлуудыг ~/Library/Dictionaries/ руу хуулаарай. Дараа нь Хазсан Алимныхаа Dictionary.app-ын тохиргоо дотор Монгол толь бичгээ идэвхжүүлэхээ мартуузай.

Жич: энэ толь бичгүүдийг iPhone, iPad дээр суулгаад iBook дээр ашиглаж болно.

2012/10/13

Theos/Logos ашиглан Tweak буюу зальжин програм бичих арга

Өмнөх нийтлэлд MobileSubstrate болон Theos/Logos-ийн талаар товчхон дурдсан билээ. Тэгвэл энэ удаад Theos/Logos тогтолцоог ашиглан шоронгоос оргуулсан төхөөрөмжид зориулж iOS 5 SDK ашиглан Tweak буюу зальжин програм хэрхэн бичих талаар өгүүлье. Дашрамд хэлэхэд шоронгоос оргуулсан iPhone, iPad дээр ажилладаг MongolKeyboard энэ аргаар хийгдсэн байгаа.  Одоо жишээ болгоод нэг зальжин програм хийж үзүүлье. Энэ програм нь iPhone-ий дэлгэцийг түгжсэний дараа дахин дэлгэцээ нээхэд түгжээтэй дэлгэц дээр зүйр цэцэн үгс, алдартай хүмүүсийн хэлсэн онч мэргэн ухаант үгсийг санамсаргүйгүээр сонгон харуулдаг зальжин програм юм.


Юуны түрүүнд програм бичих орчноо бэлдэх нь чухал юм. Мэдээж энд Mac OS X орчинд хөгжүүлэх тухай ярьж байгаа. Зарим хүмүүс Линукс дээр хөгжүүлдэг гэж байгаа, тэр тохиолдолд нэлээн олон зүйлс суулгаж тохируулах шаардлагатай болох учраас энд зөвхөн OS X-ийн орчинд хөгжүүлэх талаар дурдъя.

Дараах шаардлагуудыг хангасан байх хэрэгтэй.
1. Unix/Linux дээр ажиллаж байсан бага туршлага байсан ч тустай.
2. Xcode суулгасан байх шаардлагатай.
3. macports суулгах хэрэгтэй.
4. Macports ашиглаад dpkg суулгасан байх шаардлагатай.
5. git суулгасан байх шаардлагатай. Энэ нь бидний жишээг туршихад хэрэг болно.
5. iPhone руугаа холбогдохын тулд iPhone дээрээ OpenSSH суулгасан байх хэрэгтэй. Cydia-аас суулгачихаад default нууц үгийг өөрчлөхөө мартав. Тэгэхгүй бол өт хорхойнууд сүлжээнээс ороод ирнэ шүү. Анхдагч нууц үг нь alpine гэж байгаа.
6. Mac дээрээ SFTP дэмждэг FTP client програм суулгаж болно, гэхдээ заавал шаардлагагүй. Тушаалын мөрөөс scp тушаалыг ашиглаад юмаа хуулаад байж болно.
7. Debug хийх шаардлага гарч болзошгүй учраас Cydia ашиглаад syslogd, adv-cmds, network-cmds, diskdev-cmds, file-cmds, File Utilities, less гэх мэт хэрэгслүүдийг суулгаж болно.

За тэгээд програмаа бичихдээ ямар засварлагч ашиглах эсэхээ өөрсдөө мэдээрэй.
Миний хувьд emacs эсвэл TextMate v2 ашигладаг. Эхлэн суралцагчдад TextMate нь амар байх болов уу.

Theos/Logos-ийн гол зарчим нь hook буюу дэгээдэх гэж байгаа обьект болон түүний метод, өмчүүдийг %hook ... %end гэсэн хүрээнд оруулан бичих явдал юм.
Жишээ нь:


Гэхдээ ингэж дэгээдэж зальжин програм бичихийн тулд ямар обьект, метод, өмчүүдийг дэгээдэхээ нэлээн судлах хэрэг гарна. Учир нь зарим нэг обьект, классуудын толгой файлын эх код байдаггүй. Гэхдээ хөгжүүлэгчид үүний учрыг олж KennyTM-ийн хийсэн class-dump-z хэрэгслийг ашиглан классуудын тодорхойлолтуудыг гаргаад авчихсан байдаг. Өөрөө ч уг хэрэгслийг ашиглаад тодорхойлолтыг гаргаад авч болно.
За тэгээд эдгээр тодорхойлолтуудыг харж байгаад дэгээдэж гогдох класс, методоо олно доо. Миний үзүүлэх жишээн дээр iPhone-ий Lock screen буюу түгжээтэй дэлгэц үзүүлдэг хэсгийг дэгээдсэн байгаа :)
Эх кодоо бичих явцдаа мэдээж байнгын туршилт хийгээд явах нь зөв болов уу. Жишээн дээр NSLog ашиглаад тайлбар болгосон хэсэг бий, ашигласан тохиолдолд syslog руу бичигдэнэ. Syslog файл /var/log/syslog дотор үүсч байгаа. ssh-ээр iPhone руугаа ороод тэрийг tail -f /var/log/syslog гэх маягаар шалгаад явж болно.
Эх кодоо зөв ажиллаж байгаа эсэхийг шалгахын тулд мэдээж бүтээж эмхэтгэх хэрэгтэй.
Үүний тулд Makefile-аа бас зөв тохируулж өгөх ёстой. Жишээ нь:


Энэ талаар Интернэт дээр зөндөө жишээ болон тайлбарууд бий учир дэлгэрүүлэлгүй орхихоор шийдлээ. Мөн миний үзүүлэх жишээн дээр бүгдийг тохируулаад хийчихсэн байгаа.

Хэрэв PreferenceLoader ашиглаад Settings дотор ажиллах програмынхаа тохиргоотой холбоотой зүйлсийг оруулах бол Theos-ийн nic.pl хэрэгслийг ашиглаж болно.

Жишээ програмын кодыг харвал тийм ч айхтар их юм харагдахгүй л болов уу.
Кодыг бичих явцдаа бараг мөр бүрийг тайлбарлаад оруулсан байгаа учир илүү ойлгомжтой болсон байх.
Мөн онч мэргэн үгсийг массивт жишээ болгоод дөрвийг хийсэн байгаа.
Сайжруулж хөгжүүлэх хүсэлтэй нэг нь онч мэргэн үгсээ файл эсвэл sqlite гэх мэт өгөгдлийн санд бас хадгалаад уншдагаар хийж бас болох юм шүү.
Бас өөр нэг санаа нь хэл сурахыг хүссэн нэг нь онч мэргэн үгсийн оронд гадаад хэлний шинэ үгсийг орчуулгатай нь харуулдагаар хийж болно.

Програмын эх кодыг https://github.com/fooatbar/LockQuote хаягаас татан авч туршина уу.
Хэрхэн татаж авч турших талаар README.md файлд бичсэн байгаа болно. Тушаалуудыг Терминал дээрээс ажиллуулахаа мартав.
Програмын эх код нь зөвхөн Tweak.xmi файлд бий. Бусад нь Theos-ийн гэх мэт туслах файлууд болон толгой файлууд юм. layout/DEBIAN сан дотор суулгахад хэрэглэгдэх control (ерөнхий тайлбар), postinst (суулгасны дараах хийх зүйлс), postrm (устгасны дараа хийх зүйлс) гэсэн файлууд бий. layout/Library/MobileSubstrate/DynamicLibraries сан дотор LockQuote.plist гээд шүүлтүүр файл бий. layout сан доторх файлууд нь pkg үүсгэхэд LockQuote.dylib файлтай цуг нэг багц болон ордог.

За тэгээд асуулт асуухаасаа өмнө энд бичсэн зүйлсийг сайн уншаарай.
Мөн өмнөх нийтлэлийг бас нэг харчихад зүгээр шүү.

Амжилт хүсье!

Зальжин програм хөгжүүлэгчид олшрох болтугай :)

Нэмэлт тайлбар:

Хэрэв Xcode 4.5 суулгасан бол хуучин iOS 5.x SDK байхгүй байгаа. Түүнийг нэмэлтээр хуучин Xcode-уудаас задалж SDK байгаа сан (/Applications/Xcode.app/Contents/Developer/Platforms/iPhoneOS.platform/Developer/SDKs/) руу хуулж өгөх ёстой.

2012/10/10

Ажиллах явцад нөхөөс хийх боломж буюу MobileSubstrate болон зальжин програм


MobileSubstrate нь iOS системийг (iPhone, iPad, iPod гэх мэт) ажиллах явцад нөхөөс хийх боломжийг хөгжүүлэгчдэд олгодог тогтолцоо юм. Энэ тогтолцооны тусламжтайгаар jailbreak буюу шоронгоос оргуулсан iOS төхөөрөмж дээр Apple-аас албан ёсоор зөвшөөрөгдөөгүй хөгжүүлэлтийн боломжуудыг ашиглан програм хөгжүүлэх, аль эсвэл ямар нэг програмыг ажиллах явцад нь өөрчлөх, эсвэл сайжруулж өөр олон санаануудыг нэмэх зэргийг хийх боломжтой болгодог. Ажиллах явцад програмын ажиллагааг өөрчилдөг програмыг tweak буюу зальжин програм гэж хэлж болно.
iOS төхөөрөмжийг шоронгоос оргуулахын нэг давуу тал нь энэ юм. Хөгжүүлэгчдэд ямар нэг хязгаарлалтгүйгээр төрөл бүрийн програм хөгжүүлэх асар өргөн боломжийг олгож, хэрэглэгчдэд AppStore-д баригдалгүйгээр олон төрлийн програм суулгах нөхцөлийг бүрдүүлдэг. Зарим магадгүй утсаа эвдчихнэ гэж боддог аймхай нэг нь iOS төхөөрөмжийг шоронгоос оргуулах нь хууль ёсны бус шүү дээ гэж хэлэх л байх. Магадгүй улс улсаасаа хамаарч болох юм, гэхдээ л DMCA-н хүрээнд АНУ-д хууль ёсны гэж зөвшөөрөгдсөн байгаа юм. Энэ талаар болон шоронгоос оргуулах талаар уншигчид өөрсдөө дэлгэрүүлээд уншина биз.

Эргээд MobileSubstrate-н ажиллах зарчмыг товчхон тайлбарлавал:

1. Cydia нь MobileSubstrate-г суулгах үед cynject-г /etc/launchd.conf дотор нэмж өгдөг. Ингэснээр програм эсвэл демон бүрт тарилга болон орох боломжтой болдог. Мөн MobileSubstrate суух үед /Library/MobileSubstrate гэсэн сан үүсдэг бөгөөд түүн дотор динамик сан нь хадгалагддаг.

2. cynject нь SubstrateLauncher.dylib-г процесс 1-д (launchd) тарьж оруулж өгдөг бөгөөд энэ сан нь орчны хувьсагч DYLD_INSERT_LIBRARIES-г /Library/MobileSubstrate/ болгож тохируулах ажлыг хийдэг. Ерөнхийдөө "DYLD_INSERT_LIBRARIES" орчны хувьсагчийг төхөөрөмж ачаалахад launchd тохируулж өгдөг.

3. Энэ орчны хувьсагчийг dyld буюу динамик linker орчуулбал холбогч уншиж /Library/MobileSubstrate/ санг хайн mobilesubstrate.dylib-г дууддаг. Ингэхдээ:
    а. mobileloader (MobileSubstrate-н бүрэлдэхүүн хэсэг) нь өөрийгөө ажиллаж байгаа програм руу дууддаг бөгөөд DYLD_INSERT_LIBRARIES-г ашигладаг.
    б. mobileloader дараа нь mobilesubstrate-г дууддаг.

4. MobileSubstrate нь "DYLD_INSERT_LIBRARIES" орчны хувьсагч ашиглан бүх програмуудад тарилга болон ордог. Энэ нь /Library/MobileSubstrate/DynamicLibraries санд байгаа dylib-үүдийг дууддаг.

5. Tweak буюу зальжин програмууд нь динамик сангууд бөгөөд эдгээр нь /Library/MobileSubstrate/DynamicLibraries санд хадгалагдаж динамик холбогч ашиглан ажилладаг програм бүрийн хувьд тодорхой шүүлтүүрийн нөхцөл хангагдсан тохиолдолд дуудагддаг байна.

6. dylib буюу динамик сангууд нь тодорхой шүүлтүүртэй байх ёстой.

Шоронгоос оргуулсан төхөөрөмжид зориулж програм зохиохдоо Xcode-н GUI ашиглаж болохоос гадна зальжин програм хөгжүүлэхийг хялбаршуулсан тогтолцоонууд байдаг. Тэдгээрийн хамгийн түгээмэл нь Theos/Logos юм.
Энэ нь эх файл буюу .xm файлыг эмхэтгэж хөрвүүлэхдээ эхлээд logos (.pl) ашиглаж боловсруулан obj-C/C++ код болгодог бөгөөд үүнийг дараа нь theos хөрвүүлдэг.
Завсрын файлыг logos.pl ашиглан харж болох бөгөөд .m гэх зэргийн файл үүсгэдэг.
Жишээ нь: # /path/to/logos.pl Tweak.xm > Tweak.m гэх мэт

Дараагийн удаа цаг зав болбол хялбар Tweak хэрхэн хөгжүүлэх талаар бичье.

MobileSubstrate болон Theos/Logos-той холбоотой бусад мэдээллүүдийг интернэтээс хайж олоод уншина бизээ.

Huawei, Univision ба Үндэсний Аюулгүй Байдал

Өчигдөр Америкийн нэгдсэн улсын конгрессийн тагнуулын албыг хариуцсан байнгын хороо Хятад ард улсын цахилгаан холбооны Huawei болон ZTE хэмээх компаниуд АНУ-ын аюулгүй байдалд аюул учруулж байна гэж зарлажээ. 11 сар судалсны эцэст гаргасан тайланг нь эндээс эх хувилбараар нь уншиж болно. Тайлан дээрээ энэ компаниудыг цаанаас нь Хятадын засгийн газар удирддаг, үүгээрээ дамжуулж өөр улсуудыг чагнаж тагнадаг гэж үзэж байгаа юм байна. Жишээ нь Huawei бол цахилгаан холбооны төхөөрөмж нийлүүлдэг хамгийн том компани, тиймээс дэлхийн хамгийн том 50 цахилгаан холбооны компаниудын 45 нь ямар нэгэн хэмжээгээр Huawei-гийн төхөөрөмжүүд ашигладаг аж. Энэ төхөөрөмжүүд дээр нууц программ суулгасан байхад л дэлхийн ихэнх хүмүүсийг чагнах боломжтой болчхож байгаа юм. Huawei-г үндэслэсэн нөхөр л гэхэд Хятадын ардын армийн инженер байсан нөхөр юм байна. Тэгэхээр тун сэжигтэй байгаа биз дээ? Тийм учир өнгөрсөн зун Герман улсын бүх их дээд сургууль болон шинжлэх ухааны байгууллагуудыг хооронд нь холбодог Deutsches Forschungsnetz хэмээх сүлжээнд Huawei-ийн төхөөрөмж ашиглаж болохгүй гээд  хорьчихсон, мөн Австрали улс ч гэсэн хорьчхож.

Хятадууд мэдээж тэнэг улсууд биш учир анх төхөөрөмж нийлүүлэхдээ ямар нэгэн чагнаж тагнадаг програмгүйгээр нийлүүлдэг гэнэ. Ийм программ бүх төхөөрөмж дээр нь ажиллаад байвал дор нь баригдчихна л даа. Тиймээс төхөөрөмжүүдийнхээ программ хангамжийг албаар алдаатай хийдэг гэж байх юм. Хүн чагная гэвэл албаар хийсэн алдаагаа ашиглаж ороод чагнадаг программаа суулгачихна, чагнаж дуусчхаад буцаагаад устгачихдаг гэнэ. Сая өнгөрсөн зун гэхэд л DEFCON мэдээллийн аюулгүй байдлын конференц дээр Huawei-гийн төхөөрөмжүүдийн тухай дүүрэн алдаатай байна гээд илтгэл тавигдаж байх жишээтэй. Ийм алдаануудыг ер нь албаар хийсэн гэж үзээд байгаа юм. Тэрнээс биш жилд 20 миллиард долларын гүйлгээ хийж хэдэн миллиард долларын ашигтай ажилладаг хятад компани миллиард хүмүүсээсээ хамгийн сорыг нь шилж аваад хийе гэвэл ямар ч алдаагүй юм хийх байх даа. Өөрсдөд нь ашигтай болоод л албаар алдаатай юм хийгээд байгаа болов уу. Дор хаяад л чагнаж тагнадаг программ суулгасан төхөөрөмж нь баригдчихвал өө бид нарт ямар ч хамаа байхгүй, манай төхөөрөмжийн алдааг ашиглаад хакерууд нэвтрээд юм суулгачхаж гээд л гүрийчихнэ шд. Тийм болохоор янз бүрийн улс оронгууд Huawei, ZTE хоёроос татгалзаад байгаа юм байна.

Өнөөдөр яагаад энэ компаниудын тухай бичвээ гэхээр, энэ маань Монгол улсын аюулгүй байдалтай нэлээд холбоотой юм л даа. Монголчууд мөнгөө хэмнэх гээд л мэдээж хамаг холбооныхоо төхөөрөмжүүдээ урдаас зөөдөг байх. Ихэнх л газар Huawei, ZTE хоёр харагддаг. Тэр  нь ер нь ямар аюултай вэ гэдгийг манайхан бараг гадарладаггүй. Тиймээс та бүхэнд өөртөө тохиолдсон нэг жишээ бичмээр санагдлаа. (Энэ жишээний алдаа яаг Huawei-ийн буруу биш л дээ, гэхдээ ийм алдаа хийх боломж олгож байгаа явдал нь Huawei-ийн дээр дурдсан алдаатай адилхан далд санаа агуулсан болов уу)

Зун амралтаараа Монгол явж аав ээж дээрээ очвоо. Урьд очиход аавынх Сансар кабелтай байдаг байсан бол энэ жил харин Univision тавиулчхаж. Урьд том хавтгай телевиз дээр аймаар барзаасан юм үздэг байсан бол энэ жил монгол сувгууд HD-аар гараад над шиг нүд муутай хүнд тэрэн шиг сайхан юм алга аа. Univision сайн үйлчилгээтэй юм байна, тийм ч болоод тэрүү хамаг таньдаг хүмүүс Univison-той болчхож. Ямар нэгэн орон сууцны байшин руу ороход л Univision гэсэн wifi access point-ууд ёстой арав хориороо гарч ирж байна лээ. Зуслан дээр хүртэл танай ийшээ шилэн кабел татсан, зуслангийн байшиндаа Univision тавиулах уу гэчихсэн явж байсан. Тэгэхээр Univision нэлээд их хэрэглэгчтэй болов уу. За тэгээд Univision  тавиулахаар Huawei төхөөрөмжүүд дагаж ирдэг юм байна. Манайд шилэн кабелын оролттой Huawei HG8245 гэсэн рүүтер тавигдаж. Иймэрхүү юм байна:


Гар утсаа wifi-ээр холбож интернетэд орох гэсэн чинь аав ээж хоёр ямар ийм юм ашиглаж мэдэх биш мэдэхгүй ээ Univision-оос асуу гэв. Тийшээ залгатал дандаа хүүхнүүд утас авж байна аа, нэг нь гэрийнхээ утасны дугаарыг нууц үг болгоод хийгээд үз гэв, тэрийг нь хийсэн чинь болдоггүй ээ, тэгэхээр нь нэг хүүхнээс нь рүүтерийн web interface-ийн нууц үгийг нь өгөөч би өөрөө wifi нууц үгээ reset хийчихье гэсэн чинь урдаас та нар шиг хүмүүст нууц үгийг нь өгдөггүй гэж байх юм. Тэгэхээр дургүй хүрээд ойр орчныхоо хүмүүсээс сураглатал рүүтерээсээ backdoor олоод web interface-рүү нь орчихсон Монгол хүн байна цаана чинь. Тэгэхээр нь аргийг нь гуйж аваад орох гэж үзэв. Тэгсэн болдоггүй шүү. Учир нь манайх шилэн кабел ордог болохоор нөгөө нөхрийн рүүтерээс шал өөр рүүтер аж.

За тэгэхээр нь өөрөө Huawei төхөөрөмжөөс алдаа олдог баатар болвоо. Рүүтерийхээ нэрээр интернетээс хайтал service manual нь гараад ирж байна. Тэрэн дээр нь default нууц үг нь telecomadmin:admintelecom эсвэл root:admin гээд цагаан дээр хараар бичээстэй байлаа. Юмыг яаж мэдэх вэ гээд web interface дээр турштал болохгүй байв. Харин telnet-ээр холбогдож байгаад дээрх нууц үгнүүдийг нь өгтөл шууд холбогдоод WAP гэсэн shell асаж байна, манайхан web interface дээр логин хийдэггүй болгочхоод telnet-ийг мартчихаж дээ хөөрхий:


help гээд тушаал бичсэн чинь янз бүрийн рүүтерийн тохиргоо өөрчилдөг тушаалууд гарч ирж байна:


Цааш нь нэлээд оролдож байгаад shell гэж бичтэл линукс shell асаж байна:


Линукс shell асчихаар тэгээд энэ рүүтер дээр дуртай юм аа хийж болж байгаа юм. Жишээ нь /mnt/jffs2/hw_ctree.xml гэсэн файл дотор нөгөө хайгаад байсан wifi нууц үг, Unitel voip нууц үг гэх мэт бүх чухал юм нь явж байгаа юм.

Зарим хүмүүс одоо хэлэх байх л даа. Энэ аргаар зөвхөн өөрийн сүлжээнээс л орж болно гэж. Гаднаас таны сүлжээ рүү тун амархан орж болно л доо. Univision жишээ нь танд web interface-ийн эрх өгөхгүй, тиймээс та wifi нууц үгээ байнга өөрчилж чадахгүй, анх Univision дээр сонгосон нууц үгээ ашиглана. Та мэдээж анх нууц үгээ сонгохдоо ихэвчлэн амархан утасны дугаар, төрсөн он сар гэх 8 тоотой л юм сонгоно. Тэгэхээр таны wifi нууц үгийг олох магадлал маш өндөр болчхож байгаа юм. За тэгээд таны wifi нууц үгийг чинь олчихвол дээр бичсэн аргаар рүүтер лүү чинь ороод янз бүрийн юм хийнэ л дээ.

Хамгийн энгийн жишээ бол DNS өөрчлөөд таны цахим шуудангийн нууц үгийг чинь олчихно, ямар цахим хуудас руу ордгийг чинь тагнаж болно. За тэгээд жоохон хөдөлмөр зарах юм бол pjsip ашиглаад жижигхэн voip proxy бичээд рүүтер дээр чинь ажиллуулаад утсаар юу ярьж байгааг чинь чагначихна. Huawei-ийн native voip программ дээр нь localhost гээд voip proxy ip-аа өгчихнө, proxy-дээрээ /mnt/jffs2/hw_ctree.xml дотор байгаа Unitel-ын voip account-ыг өгчихнө. Ингээд хөөрхөн man in the middle attack хийгээд ярьсан яриаг тань өөр сервер рүү дамжуулчихна. Voip proxy чинь рүүтер дээр ажиллах тул Unitel-ийн талаас үүнийг илрүүлэх ямар ч арга байхгүй. Таны хувьд рүүтер чинь black box тул та ч бас юу ч анзаарахгүй.

Тэгэхээр та Huawei төхөөрөмж ашигладаг бол таныг хятадууд тагнаж чадна, түүнээс гадна жоохон сүйхээтэй Монголчууд хүртэл таныг чагнаж чадах нь дээ хөөрхий. Энэ бол зөвхөн нэг рүүтерийн л жишээ (үүнд Univision-ы буруу их байгаа). Цаана чинь Монголын холбооны компаниуд дээр Huawei төхөөрөмжүүд дүүрэн...

Update: энэ алдаа зун 7 сарын сүүлээр байсан. Одоо энэ алдаа байгаа эсэхийг ийм рүүтертэй хүн шалгаад хариуг нь комментээр үлдээгээрэй. Univision төвөөсөө remote configuration хийгээд засчих боломжтэй тул тэгж зассан эсэхийг нь мэдмээр байна.

Update 2: Univision-ы цагаан рүүтерийн тухай эндээс хараарай: http://purevtsooj.blogspot.de/2012/10/huawei-hg256-univision.html

2012/10/06

Монгол бичиг ба Галт Үнэг

Яаг одооноос хоёр жилийн өмнө бидний хэдэн нөхөд Оцон Шувуу болон Хазсан Алим дээр Монгол бичиг дэмжүүлдэг баатар болцгоовоо. Зарим нь фонт хийнэ гээд харин би ОпенТайп энжайн дээр Монгол бичгийн дэмжлэг оруулахаар боллоо. Тухайн үед нээлттэй эхийн Панго болон ИЦУ гэсэн хоёр энжайн байв. Эхний ээлжинд Панго дээр Монгол бичгээ дэмжүүлээд албан ёсоор оруулах гэтэл Пангог хөгжүүлэгч Иран нөхөр Панго хуучирсан оронд нь Харфбуз гэж шинэ энжайн хийж байгаа тиймээс Панго дээр ямар нэгэн өөрчлөлт оруулахгүй гэв. За тэгэхээр нь тэр Харфбуз дээр нь Монгол бичгийн дэмжлэг орууллаа. Тэгсэн удалгүй нөгөө Иран нөхөр чинь Гүүглд ажил орчихвоо. Ажил нь ч ихэдсэн юм уу зав нь ч болдоггүй юм уу мань нөхөр Харфбуздаа гар бага хүрдэг болсон учир Харфбуз нь бэлэн болдоггүй ээ. Тэгэхээр нь хүлээж ядаад Убунту д зориулж хэдэн Панго нөхөөс бичвээ. За тэгээд хүлээгээд л байлаа хүлээгээд л байлаа хүлээсний эцэст харин Галт Үнэг Монгол бичгийн дэмжлэг орсон Харфбуз хувилбарыг ашиглаж эхэллээ.

Галт Үнэг дээр Монгол бичиг ашиглахын тулд та хамгийн сүүлийн хувилбарыг нь суулгасан байх ёстой. Хэрвээ та сүүлийн хувилбарыг нь суулгасан бол about:config дээрээ gfx.font_rendering.harfbuzz.scripts гэсэн тохиргоог Хазсан Алим дээр gfx.font_rendering.harfbuzz.scripts = 87 гэж харин Оцон шувуунд gfx.font_rendering.harfbuzz.scripts = 23 гэж тус тус өөрчлөөрэй. Үүнээс гадна та мэдээж Монгол бичгийн фонт суулгасан байх хэрэгтэй.

Оцон Шувуу дээр харагдах байдал:


Хазсан Алим дээр харагдах байдал:

2012/09/27

Үүлэн борооны ажил ба үхдэггүй нян!

2009 оны нэгдүгээр сард Японы Киото хотын эмнэлэгт нэгэн янхан байнгын үзлэгээ хийлгэжээ. Шинжилгээний хариу заг хүйтэнтэй гэж гарсан байна. Тэгээд заг хүйтнийг найдвартай дардаг ceftriaxone хэмээх эм бичүүлж уугаад хэсэг хугацаа өнгөрсөн боловч өвчин хэвээрээ л байгаад байв. Одоогийн байдлаар, Киото хотод болсон заг хүйтэн өвчний энэ тохиолдлыг эрүүл мэндийн мэргэжилтэн хүмүүс чухам сүүлд нэрлэсэн эмний эсрэг тэсвэртэй байж хавьталтын замаар тархаж байгааг нь машид ноцтой аюул хэмээн үзэж байна. Америкийн нэгдсэн улсад хамгийн их халдвартай тархдаг өвчнүүдийн жагсаалтанд заг хүйтэн гуай хоёрдугаарт жагсдаг байна. Зөвхөн cephalosporins хэмээх ангилалд багтдаг cefixime болон ceftriaxone гэсэн хоёр эм л заг хүйтнийг найдвартай эмчилдэгт ордог байсан чинь сүүлийн жилүүдэд cefixime ийн эсрэг тэсвэртэй болсон тохиолдол ихсэв. Эрүүл мэндийн мэргэжилтэнгүүдийн урьдчилсан дүгнэлтээр бол энэхүү супер нян таваас найман жилийн дотор маш өргөн хэмжээгээр тархана хэмээжээ. Америк улсад заг хүйтнийг ядуучууд юмуу өвсөр үеийн залуучууд тусдаг өвчин гэж тооцдог байж. Гэтэл энэхүү халдвараас сэргийлэхийн тулд эрдэмтэдийн хийх вакцины бэлтгэл ажил амжилтаар маш бага байна. Энэ айхтар нянгийн тархалтыг бууруулах цорын ганц найдлага бол хүмүүс өөрсдөө л замбараагүй хавьтах үйлдлээ хязгаарлахад оршиж байна даа!

Эх сурвалж: www.newyorker.com

2012/09/13

Git + Subversion = 247

Өнөөдөр энэ хоёрыг хэрэглэдэггүй програм хөгжүүлдэг байгууллага гэж байхгүй байхаа. Ихэнх дунд болон том албан байгууллагууд голдуу Subversion дээр бичсэн програмаа засаж хянадаг шиг санагддаг юм. Тэдэнд шинэ гарсан програмыг шууд хэрэгжүүлэх зорилго болон хүсэл байдаггүй. Тэдний нэг нь миний ажлын газар. Олон жил програм бичиж байгаа зарим нөхдүүд бол Git ийг ерөөсөө сонирхохгүй, харин дассан сурсан Subversion дээрээ л ажлаа хийж мөнгөө авч байвал болох нь тэр :) Зарим нь Git ийн төвлөрсөн сервергүй тархсан зохион байгуулалт нь бүр таалагддаггүй тул нэг сервер дээр төвлөрсөн Subversion ийг илүүд үзэх нь ч бий. Git ийг мэдээж нэг сервер дээр төвлөрсөн мэт зохион байгуулж болох боловч clone гэсэн тушаал нь зарим дарга нарт ерөөсөө таалагддаггүй байх. Гэвч би удаан хугацааны туршид ажил дээрээ бараг ганцаараа git хэрэглэж байгаа нэгэн. Нэгэнт ажлынхнаас хэн нь ч тоохгүй байгаа учраас тусгай сервер гаргуулах тухай санах ч хэрэггүй тул өөрийнхөө машин дээрээ л дотоод судал үүсгэж болсон бүтээгдэхүүнээ экспортлож Subversion сервер лүү нийлүүлсээр өдий хүрсэн юм. Git ийн хамгийн чухал давуу тал бол өөртөө хуулбарласан (clone) судал дээрээ дурын салбар нээж хэдэн ч төрлийн хэлбэрээр туршилт хийж болох бөгөөд тэр болгоныг дээш сервер лүү илгээх шаардлагаггүй тул програм бичиж байгаа хүндээ харьцангуй эрх чөлөөтэй байгаа юм шиг санагддаг. За гэтэл саяхан нэг сервер хариуцдаг нөхөр надад git сервер тохируулж өгье гэв. Дандаа дотоод машин дээрээ судлуудаа удирдаж байх нь эрсдэл ихтэй тул бөөн баяр болоод эхний ээлжинд ssh холболтоор судлаа хуулбарладаг болгоё гэж хэлэв. Гэтэл бусад хэрэглэе гэсэн хүн болгон тэр сервер лүү хандах 22 дугаар портыг нээлгэх шаардлагатай бөгөөд томоохон байгууллага дээр firewall хариуцсан нөхдүүд сервер лүү тэр болгон порт нээлгэх тийм дуртай биш, тэгэхээр байсан ч хөөрхөн дамжлага дамждаг болохоор бүтэхгүй болов. Онгорхой байдаг хоёр порт нь 80, 443 хоёр бөгөөд энүүн дээр дуртай хүн болгон хуулбарлаад байдаггүй бас хэн нь ямар судлыг хуулбарлаж болох болохгүй гэсэн тохиргоотой болгох гэдэг бас амархан эд биш юм байна. Тэгээд ч өнөөх админ нөхөр маань тэр болгоныг тохируулж арчлаад байх хүсэлгүй шинжтэй болоод явчихав. Ингэж байтал уржигдар интернэтээр хэсэж байгаад миний гачлантай яг адилхан зовлонг амар шийдлээр туулж давсан нэгний блогийг олж харлаа. Git гаргасан газраас Subversion тай зохицож болох git-svn модуль байдаг бөгөөд Subversion дээрх кодыг svn хэрэглэгч мэт татаж аваад дотоод машин дээрээ git судал болгож ажиллаад, буцааж сервер лүүгээ svn судал болгож нийлүүлдэг юм байна. Ингээд ажиллах дараалал нэг иймэрхүү байх юм:

Судлаа тохируулах

Эхлээд Subversion судлаас кодоо татаж авна:

git svn clone -s http://серверийн_хаяг/миний_subversion_судал дотоод_сан

-s гэсэн дагаварыг, хэрэв таны код subversion-ий стандар сангуудаас (trun/, branches/ мөн tags/) бүтсэн бол өгөх ёстой. Хэрэв тийм зохион байгуулалтгүй бол уг дагаваргүйгээр тушаалаа өгөх хэрэгтэй. Тушаалын үр дүнд нь таны дотоод_сан гэсэн өөрийн дотоод git судал үүссэн байх юм. Энд зарим зүйлийг дурдах нь зүйтэй. Эхлээд, Subversion судал дээр байгаа хоосон сан болгоныг git судал дээр харуулдаггүй. Git бол файлын бүтцийн өөрчлөлтийг хянадаг болохоос файлыг хянадаггүй юм. Дараагийн зүйл бол, svn:ignore тушаалаар алгасах ёстой файлуудыг git алгасдаггүй. Алгасах файлын жагсаалтыг үүсгэхдээ судлынхаа эхэнд очиж байгаад дараах тушаалыг өгнө:

git svn show-ignore > .gitignore

Үүнтэй ижил үр дүнд хүргэдэг 'git svn show-ignore >> .git/info/exclude' тушаалыг та хэрэглэдэг байж магадгүй. Ялгаа нь юундаа байдаг вэ гэхээр, өмнөх аргаар алгасах файлуудаа судал дээрээ хянаад яваад байж болдогт байдаг байна. Нэг ёсондоо Subversion руу буцааж нийлүүлэх үед алгасах файлын жагсаалт хамт нийлүүлэгдэх бөгөөд дараа нь өөр хэрэглэгч судал татаж авсаны дараа ийм тушаал өгөх шаардлагаггүй болж байгаа юм.

Салбар үүсгэх


Git ийн хамгийн сайн чанар бол буулгаж авсан судал дээрээ дурын салбарууд үүсгэж өөрчлөлт хийж болох бөгөөд үүнийг сервер дээрх судалд нөлөөлөхгүй хийж болдогт байдаг. Ингээд дараах тушаалаар татаж авсан судлаасаа юмуу эсвэл үүсчихсэн байгаа салбараас салбар үүсгэж болдог:

git checkout -b шинэ-салбарын-нэр [хуучин-салбарын-нэр]

хэрэв салбараас дахин салбарлах гээгүй бол хуучин-салбарын-нэрийг бичихгүй байх хэрэгтэй. Үүсгэсэн салбаруудын жагсаалтыг git branch тушаалаар харна. Гэхдээ Subversion сервер дээрх салбаруудыг харуулахгүй байвал битгий гайхаарай. Өмнөх тушаал бол зөвхөн дотоод салбаруудыг харуулдаг юм. Сервер болон дотоод бүх салбарлалтуудыг харуулахдаа git branch -a гэх бөгөөд энэ жагсалтанд Subversion сервер дээрх branch болоон tag ууд бүгд ордог.

Файл засварлах, өөрчлөлт хийх


Ингээд салбар үүсгэчихсэн бол дараах ажиллагаанууд бараг Subversion-тай адилхан. Шинээр файл үүсгээд тэрийгээ хянахаар бол git add <шинэ-файл> гэх бөгөөд файл устгахаар бол git rm <файлын-нэр> гэх ёстой. Энд git add тушаал нь угсраа үйлчилгээтэй гэдгийг анхаарах хэрэгтэй. Жишээ нь git add . гэсэн тохиолдолд тушаал өгсөн санд байгаа бүх файл болон сангуудыг доторх файл сантай нь нэмдэг. git rm тушаал нь бас адилхан угсраа үйлчилгээтэй хийдэг бөгөөд ингэхийн тулд -r гэсэн дагавар нэмэх хэрэгтэй. Аль хэдийн судалд нэмэгдчихсэн файлыг та git add тушаалаар гарсан өөрчлөлтийг нь оруулах зориулалтаар хэрэглэж бас болно. Жишээ нь нэг файлын өөрчлөлтийг оруулахдаа git add <файлын-нэр> гэх юмуу git add . гэж бүх файлуудад гарсан өөрчлөлтүүдийг нэмдэг. Гэхдээ өөрчлөлтөө оруулж болдог бас нэг нарийн арга байдаг юм байна:

cnixon$ git add --patch
diff --git a/config/environment.rb b/config/environment.rb
index f3a3319..34ece3a 100644
--- a/config/environment.rb
+++ b/config/environment.rb
@@ -19,6 +19,8 @@ Rails::Initializer.run do |config|
# Only load the plugins named here, in the order given. By default, all plugins in vendor/plugins are loaded in alphabetical order.
# :all can be used as a placeholder for all plugins not explicitly named.
# config.plugins = [ :exception_notification, :ssl_requirement, :all ]
+
+ config.gem 'chronic'
# Add additional load paths for your own custom dirs
# config.load_paths += %W( #{RAILS_ROOT}/extras )
Stage this hunk [y/n/a/d/?]? y
<stdin>:9: trailing whitespace.
warning: 1 line adds whitespace errors.


Та хэрэв git add --patch тушаал өгөх юм бол файлуудад хийгдсэн өөрчлөлт бүрийг танаас нэмэх үү үгүй юу гэж асуудаг байна. Ингэснээр танд өөрчлөлт бүрийг нэмэх нэмэхгүйгээ шийдэх сайхан боломж үүсдэг байх юм. Энэ тушаалаар файл хийсэн өөрчлөлтүүд дарааллаараа харагдах тул хэрхэн өөрчлөгдсөнийг харах сайхан боломж үүсдэг байна.

Өөрчлөлтөө буцаах


Subversion дээр бараг хамгийн түрүүнд миний сурсан тушаал бол git revert. Git дээр арай өөр. Хэрэв файлын өөрчлөлтөө салбар луугаа нийлүүлээгүй байгаа тохиолдолд:

git checkout <файлын-нэр>

Ингэснээр файлыг анх салбарласан юмуу судлаас татаж авсан орчинд буцаадаг. Хэрэв та файлынхаа өөрчлөлтийг салбар луугаа нийлүүлчихсэн хойноо буцаахыг хүсэх юм бол:

git reset HEAD <файлын-нэр>

Өөрчлөлтөө салбарлуугаа нийлүүлэх


Хийсэн өөрчлөлтөө жижиг тайлбар тексттэй нэмэхийн тулд git commit -m "Тайлбар текст" гэж тушаана. Хэрэв олон файл нэмэхээр бол git commit -am "Тайлбар текст" гэх хэрэгтэй.

Салбараа эх судал (master)-тайгаа нийлүүлэх


За ингээд та нэг салбар үүсгээд тэрэндээ гайхамшигтэй үр дүнд хүрчихсэн гэж бодъё. Одоо үүнийгээ эх судал master луугаа нийлүүлэх хэрэгтэй:

git checkout master
git merge <салбарын-нэр>


Эхний тушаалаар master судал руугаа очдог бөгөөд тэндээсээ хоёр дахь тушаалаар салбарыг master луугаа нийлүүлдэг. Үр дүнд нь conflict гэж хэлэгддэг нэг файлын нэг байрлал дээр хоёр хувилбарын өөр өөр өөрчлөлтүүд байгаа мөргөлдөөн үүсэж магадгүй. Энэ тохиолдолд та мөргөлдсөн газар болгон дээр гараар засварлаж янзлаад git add тушаалаар өөрчлөлтөө нэмж git commit тушаалаар master судал руугаа нийлүүлэх хэрэгтэй. Энэ нийлүүлэлтийн үр дүнд салбар дээр хийгдсэн бүх өөрчлөлтийн тэмдэглэлүүд master луу давхар нийлүүлэгддэг. Өмнө дурдаж байснаар, git дээр та төв сервер лүү хандалгүйгээр хэд л бол хэдэн удаа файл нэмж commit тушаалаар нийлүүлэлт хийх гэх мэт өөрчлөлтүүдийг хийж болох бөгөөд энэ болгонд тэмдэглэл хийгдсэн байдаг юм. Энэ бүх тэмдэглэлүүдийг оруулахгүйгээр master дээр зөвхөн нэг л удаагийн том өөрчлөлт хийж нийлүүлж байгаа юм шиг нийлүүлье гэвэл --squash дагаварыг нэмж өгөх хэрэгтэй.

git merge --squash <салбарын-нэр>

Төв сервер дээрх өөрчлөлтийг татаж авах, өөрийн өөрчлөлтөө Subversion руу нийлүүлэх


Ингээд энэ бүх өөрчлөлтөө төв Subversion сервер лүү илгээхээс өмнө сервер дээр гарсан байж болох өөрчлөлтүүдийг эхлээд заавал татах хэрэгтэй:

git svn rebase

Энэ тушаалаар төв сервер дээр гарсан байж болзошгүй бүх өөрчлөлтүүдийг таны дотоод судал дээр нийлүүлээд дараа нь таны дотоод судал дээрх өөрчлөлтүүдийг оруулдаг. Өөрөөр хэлбэл таны өмнө татаж авсан орчин дээр нь гарсан өөрчлөлтүүдийг нэмчихээд дараа нь таны хийсэн өөрчлөлтүүдийг нэмж оруулдаг юм. Ингээд бүх зүйл зүгээр бол төв сервер лүүгээ дараах тушаалаар илгээнэ:

git svn dcommit

Git ийн маш олон тушаалууд байдгаас өдөр тутам хэрэглэгддэг цөөхнийг нь энд дэлгэлээ. Миний дуурайж хялбаршуулж бичсэн эх сурвалжийн нөхөр бас өөр хүмүүсээс хялбарчилсан аргачлалуудын жагсаалт гаргасан бас нэг блог хуудас бичсэн байдаг бөгөөд тэндээс та мэдлэгээ цааш нь үргэлжлүүлээрэй.

2012/09/04

Төмс төсөл

За ахиад л нэг аж ахуйн сэдэвтэй юм бичихээс ;) Энэ удаа амьдралдаа анх удаа төмс тарьж үзэв. Барилгын дэлгүүрт үрийн төмс гэж зарж байхад нь авч амжилгүй байхад хоёр гурван долоо хоногийн дараа дуусчихдаг юм байна. Дэлгүүрт зардаг төмснөөс булъя гэсэн чинь болдоггүй юм гэнэ. Учир нь хадгалахдаа хими хэрэглэчихдэг учраас үрсэлдэггүй юм гэнэ. Тэгж байтал харин өөрөө тарьсан гэсэн хувь хүний түрүү жилийн төмсөө зарж байхтай нь тааралдаад учраа хэлсэн чинь "минийх хими хэрэглээгүй учраас үрсэлнэ" гэхээр нь гурав байна уу дөрвөн кг ийг авч томыг нь хуваагаад жижгийг нь тэр чигээр нь нийтдээ 90 орчим ширхэгийг газар булав.

Овоо хөөрхөн хөдөлмөр ордог юм байна. Энд байдаг дүү хүүхдүүдтэй нийлж арай гэж булж дуусгаад маадгар амьтан тэр хавиараа зугаалангаа төмс тарьсан айлуудын газрыг сонирхож харсан чинь хоёр талд нь гадас шааж байгаад утас татаж тэрүүгээр шугамдсан юм шиг чиг авч тэгшхэн булсан байдаг юм байна. Газар нь бараг элс шиг нарийн ширхэгтэй цэвэрхэн гэж жигтэйхэн. Минийх гэж согтуу хүн явсан юм шиг гуйвсан л хэлбэртэй, шороо нь бүхэл бүхэл овоорсон нэг л сонин юм харагдана лээ хэхэ. Би ч ургана гэж бас нэг их итгээгүй л дээ. Анх булсан зургаа олдоггүй, харин хэд хоносны дараа ногоон навч цухуйгаад ирэхээр баярласан гэж хэхэ.
Ингээд л ургаад байхыг нь хараад сууж байгаад идчихнэ гэж бодсон чинь үгүй юм гэнэ. Ургаад ирэнгүүт нь хоёр талаас нь шороогоор шаваад байх хэрэгтэй юм гэнэ.

За тэгээд навч нь гандаж унаад ирсэн үед л төмс хураах цаг нь болсон гэж үздэг юм байна.

Ер орчин төмс булсан, ерээд кг хавьцааны төмс хураах шиг болов. Амт нь ямар ч байсан өөр л байдаг юм байна лээ.



Хураах явцад сонин сонин хэлбэртэй төмс олдсоноос заримыг нь сонирхуулъя :)


2012/08/23

Ардын ухаан - Тогоо

Өнгөрсөн зун хамаатан саднуудаараа айлчилж ярьж хөөрөх үед нагац ахын нэгэн яриа өнөөдөр гэнэт санаад орж энд буулгахаар шийдэв. Хэдхэн жилийн өмнө зуны нэгэн үдэш нагац ахынд хотоос айлчилж ирсэн ах дүү нарын хүүхдүүд мөн хөгшин ээж бүгдээрээ унтахаар зэхэж байх үед гэнэт тэнгэр харанхуйлж аадар бороо орж эхэлжээ. Гадаа зүйлсээс хураахыг нь хураагаад, мал сүргээ хашихыг нь хашиж аваад "одоо юу л болов гэж" хэмээн бодож суутал бороо улам ширүүсээд ирэв. Ингээд хаяагаар ус шүүрч орж ирэхэд ах гарч гэрээ тойруулан шуудуу ухах гэж оролджээ. Гэвч хэтэрхий оройтсон байв. Усны түрэлт хүчтэй болоод ирэнгүүт ах гэртээ орж ирээд тэнд байгаа хүүхэд хөгшдийг хараад дотроо "ингээд амьтан ах дүүсийн амины өрөнд орох нь дээ" гэж айсан гэдэг. Ах сандарч тэвдээд ирэнгүүт гэрт байгаа хүмүүсийн байдал ч гэсэн ноцтой болж ирэв. Хаяагаар орж ирж байгаа усны хэмжээгээр ямархуу их түрэлт ирж байгаад анзаарсан байсных "хэзээ ингээд бүгдээрээ урсах бол" гэж бодсон хэмээн ярьж билээ. Энэ бүх сандрал айдас дунд амандаа маань бувтнаж байсан хөгшин ээж гэнэт ухасхийж зуухан дээр байсан тогоог авч гарсан гэдэг. Энэ хэсгийг ярьж байхад нагац ахын нүд нь гэрэлтэж байв. Хөгшин ээж азаар тэнд байгаагүй бол марташгүй муухай юм болох байж. Тогоог гэрээс хоёр метр орчим зайд хөмрүүлээд тавингуут түргэн урсгалтай уруйн ус салаалаад гэрийн хоёр хажуугаар өнгөрч байлаа.

Гайхамшигтай! Миний мэдэхийн хөөдсөн гадаргуу дээр юм тогтдоггүй нордоггүй шиг санагдах юм. Одоо бодоод байхад хөөтэй тогоог хөмрүүлээд тавингуут төгс салаалагч бүтэж байгаа юм шиг. Наалдаж бөөгнөрүүлэхгүй, хөмрүүлж тавьсан тохиолдолд хүчтэй түрэхэд доторх агаартаа хөхөгдөж амархан түрэгдэхгүй гэх мэт. Тогоо гэгч энэ эд аманд хоол залгуулахаас гадна амь авардаг юм байжээ :)

2012/08/05

Нум эвшээлгэх

Бас нэгэн жижиг болсон явдал. Энэ дөрвөн сард байна уу даа, эндэхийн нэгэн жижиг тосгонд дундад зууны үеэр хувцаслаж нум сум харвадаг баяр жилд хоёр удаа зохиодог юм байна. Монголд байнга очдог нэг найз маань монгол нумтай бөгөөд намайг өмнө нь хоёр удаа оролцохыг урихад нь яагаад ч юм зав тааралгүй алгасаж байгаад энэ жил санаа зовж заавал оролцоно гэж амлаад оролцов. Багадаа яармагт туулын бургасаар сатуркдсан юмаар (хавчаахай?) харваж, хөрөөний бариул хэсгийг тайрч сүх хийгээд Яношекдэж байснаас өөр ид шидгүй байж чадна гээд л дайрна биз дээ. За тэгээд л буугаад тойрсон олон руу мэндлээд л ороод явчихав аа. Баахан дээр үеийн хувцастай, хүнд урт сэлэм зүүсэн эр, эм, хүүхдүүд байна. Гурван янзын нум байлаа. Европ, монгол, солонгос төрлийн нумнууд байв. Оролцогсдын нэрийг самбарт жагсаагаад дөрвөн төрлөөр харваад эхэлцгээчихэж. Ердийн байт харваа, дөрвөлжин шатрын хөлөг шиг төрөл бүрийн өнгөтэй бай (зарим өнгөтэй дөрвөлжин дээр оновол оноо нь хасагдана), бүргэдийн чихмэл, хөдөлгөөнт байг харваж оносон оноогоор нь жагсаагаад цом гардуулдаг гэнэ. Урьсан найз маань ч бид нартай хамт сүүлдэж ирсэн болохоор тоноглож аваад л шуурхай харваж дуусаад намайг харва гэвээ. За ингээд онигооны хэсэг эхэлж байна. Найз намайг яаж ярьсан юм бүү мэд, монгол хүн ирж харвана гэх дуулианаар урьд жилүүдэд цом авсан хүмүүс нь жаахан чичирсэн байсан юм байж. Би ч найзын надад сунгасан өөрийнх нь нумыг нь гартаа атгаж аваад л ямархуу хүч орохыг нь дор нь танив. Нумыг татах жингээр нь ярьдаг юм байна. Хүүхдийн нум жишээ нь 30 lbs буюу 15 кг орчимоос эхэлдэг юм байна. Анхан суралцаж байгаа нөхдүүд бол 50 lbs буюу 25 кг-н татах хүчтэй нумаар эхэлдэг гэнэ. Нөхрийн нум харин "дөнгөж" 80 lbs буюу 40 кг-нх байсныг сүүлд асууж мэдсэн юм :) За тэгээд харваж байгаа шинэ хүн болгонд тусалж зөвлөж байх үүрэгтэй нөхөр намайг яаж харвахыг ажиглах гэж хэсэг сонжиж байснаа "за жинхэнэ монголоороо харвах юм байгаа биз дээ?" гэж асуув. Би тэгэхээр нь "үнэнийг хэлэхэд монгол нумаараа харваж үзээгүй ээ" гэлээ. Эндээс л чих минь улайсан байж магадгүй гэж одоо би боддог. Бургасан хавчаахайгаар би сумаа баруун талдаа буюу монгол байрлалаар тавьдаг ч гэсэн долоовор дунд хурууны өндөгөөр татдаг нь европ таталт гэдгийг энд л ойлговоо. Наадмын сур харваж байгаа хүмүүсийн зураг хардаг байсан мөртлөө яг тэгж татаж үзээгүй хүнд анх удаагаа эвлэдэггүй юм байна. Сурсанаараа хоёр хуруугаараа татах гэсэн чинь "ээ би монгол хүнд монгол нум татахыг зааж өгнө гэж ерөөсөө зүүдлээгүй юм байна" гэж өнөөх нөхөр уулга алдав. За эндээс л миний нүүр хүрэнтсэн байх гэж би одоо боддог. Эхний сумаа харвангуут хөвч нь шуун дээр хэрчиж байгаа юм шиг л тасхийлгэдэг юм байна. Эхний ээлжиндээ харваж дуусгачихаад хүмүүсийн нүд хариулж байгаад ханцуйгаа жаахан шамлаад харсан чинь шавхуурдаад байсан газарт нь шагайн чинээ хавдчихаж. Толгойд ердөө л "аахаан, ингэдэг юм бий вий" л гэсэн юм орж ирдэг юм байна лээ. Тэгэхэд л бүх хүмүүсийн шууг хамгаалсан ширэн бээлийг анзаарав. За тэгээд л тавьсан сумнууд байшин даваад явчихаваа. Бага залуугийн жаахан бяр гарт байсных л байх, татахад хүндрэлгүй татаж байнаа, онохдоо бол тэнээд л байв. Нөхөр өөрөө булиа эр болохоор яалт ч үгүй тийм хатуу нум хэрэглэдэг юм байна. Бусад нь тэрүүгээр нь харвахыг хүсдэггүй, зөөлөн оночтой европ нумаараа л харваад байв. Би ч ичсэн, шаралхсан даа болоод нөхрийн нумаар л буудаад байваа. Ашгүй хоёрдугаар үеийн шатрын хөлөг шиг байн дээр зарим сайн харвадагууд нь хасах оноотой дөрвөлжин дээр онож, би азаар ганцхан байдаг хамгийн дээд оноо 100 оноотой дөрвөлжин дээр нь онож нэг юм нэрээ аврах шив дээ. "Тэгж байгаад харвавал харвасан шиг харвах нь уу даа?" гэж өнөөх эр тоглож асууж байна. Би дотроо бол "Ёооё ..." гэсэн л уулгатай байлаа. Европ таталтаар хоёр хуруугаа зэрэг тавихгүй бол дараалж тавьсан тохиолдолд сүүлд тавигдаж байгаа хуруу нь чичиргээнд маш хүчтэй шавхуурдуулж мэдээ алддаг юм байна. Ингээд нэг сар гаран дунд хурууны өндөг мэдрэлгүй болсон юм даг.

За онигооны хэсгээс бушуухан холдоё. Бодох тусам бүр чих улайгаад уур хүрээд байдаг юм. Ингээд монголоос нум сум захиулж авчрая гэж эхлээд бодов. Тэгээд ер нь интернэтээр жаахан судлаваа. Манж нум, солонгос нум, япон нум, европ нум, монгол нум, унгар нум гээд л. Энд нэлээн дэлгэрэнгүй бий. За тэгээд л энэ бас энэ бичлэгүүдийг хараад өөрийн эрхгүй харвах хүсэл төрдөг юм байна. Та бүхэн энэ Лондонд болж байгаа олимпоос нум сумаар солонгосчууд яаж харвахыг харсан л байлгүй дээ. Солонгосын нэгэн хөгшин цэргийн ярилцлагыг олж уншив (одоо холбоосыг нь эргээд санадаггүй). Айхтар хөгшин ч биш юмаа бас. Хамгийн сонирхолтой нь солонгосын эр цэргийн албанд нум сум харвах нь заавал хийх ёстой зүйлд ордог юм байна. Тэрнээс гадна солонгос цэргүүдийн чөлөөт цагаараа хийдэг зүйлсээс ихэнх нь нум сум харвацгаадаг гэж мэдлээ. Чингисийн монгол, хавт Хасарын харваа гээд л том том яриад байдаг хэрнээ бид чинь гээд л дотор бас айхтар хор шар уур буцалж байнаа бас. Зөндөө юм ухаж үзээд дараах дүгнэлтэнд хүрэв. Европ нум бол үнэхээр монгол нумын дэргэд юу ч биш юм байна. Хүүхдийн тоглоом. Манж болон япон нумнууд тогтмол зайнаас хол харвахад зориулсан нүсэр том эд байдаг юм байна. Солонгос болон унгар нум л үнэхээр монгол нумтай ижил зарчмаар ажилладаг юм байна. Монгол нуманд гэхдээ хурдыг нь ихэсгэдэг бас тусгай арга байдаг юм байна. Монгол нум байгаагүй бол Airbus ч бүтэхгүй байх байсан гээд нэвтрүүлэг бас бий. Гэвч монголд байгаа нумнууд бас хөөрхөн үнэтэй юм. 400 доллараас эхэлдэг бололтой. Эхний ээлжинд солонгос нум захиж бэлтгэл хийхээр шийдэв. Удаан хайж байж эндэхийн нэг спорт талбай дээр холын харайлт хийдэг элсэн талбайн өмнөх нь байгаа тавьж байгаад харвах юм бол болох юм байна гэж бодлоо. За тэгээд барилгын дэлгүүрээс бай хийх хөөсөнцөр, байны тавиур хийх юм болов. Байныхаа тавиураа эхний удаад жаахан том, өргөн юм дуурайж хийж машиндаа чихэх гэж хойд хоёр суудлаа нугалахгүй бол болохгүй болохоор болгосон юм. За тэгээд дүү хүүгийн "угсардаг жижиг болговол" гэсэн өгүүлбэрээс санаа авч хийсэн тавиураа зөөврийн жижиг болгож суудал буулгахааргүйгээр зөөхөд амар болговоо. Олимпийн харвах зай 70 метр, миний бэлддэг зай 30 метр, тосгоны харвадаг зай 20 метр. Манай ерөнхийлөгч энэ наадмаар яаж харвасныг мэдэх л байлгүй дээ. Энд ерөнхийлөгчид буруу өгөхөөс илүү улс төрийн албанд ажиллаж байгаа тэр зөвлөх ажилчид бас буруутай юм. Ерөнхийлөгч бүхнийг мэдэх, чадах алба үгүй. Тэр болгоныг зөв зүйтэй өнгөрөөх ёстой хүмүүс нь түшмэд. За за, хадуурч байна. Ер нь харвах бүр, бас онох бүр гоё содон сэтгэгдэл төрдөг юм байна лээ. Нэг л гоё! Ингээд угсардаг байныхаа тавиурын зургийг үзүүлье.









2012/07/29

Усгүй талд цусгүй тулаан - 2

Өмнө дурдаж байсан оролдоогүй оролдлого 3-г оролдож үзэв. Заасан зааврын дагуу хийсэн бөгөөд цэвэрхэн бэлдсэн тэгш дөрвөлжин модны оронд лего тоглоомоор 5.6 см зай авагч бэлдэж байгаад хийлээ. Зарцуулсан хугацаа гурван цаг. Сэтгэл ханамж гурван зуун хувь! :)







2012/07/20

Өөрсдөө хийцгээе!

Энэ хуудсанд байгаа гучин нэгэн төрлийн юмханаар юм хийчих заавруудаас хамгийн түрүүнд байгааг нь зүгээр суухаар гэж бодоод оролдож үзэв :) Permanent буюу удаан тогтдог бэхтэй үзгээр арчиж хуурай болгосон аяган дээрээ бичиж юмуу зурж бэлдээд 30 минут 350 хэмийн зууханд байлгаад л өөрийн гэсэн зураглалтай аягтай болох нь тэр дээ. Манай зуух 250 хүртэл халдаг бөгөөд бас болдог л юм байна. Ингээд өөрсдөө хийцгээж үзэхийг уриалж байна :). Зүүн гар талын аяган дээр бичсэн үзэг нь зузаан хошуутай байснаас гоё болж чадсангүй. Баруун тал дээрх нь болохоор бөөрөнхий гадаргуу дээр хичээх тусам салгалаад бас олигтой болсонгүй ээ, гэхдээ яахав дараа өөр аяган дээр сайжруулнаа.

Залруулга: Уншигчдын гярхай нүд миний будилж бичсэн америкт өргөн хэрэглэгддэг дулааны хэмжүүр болох 350 F (Fahrenheit) -г Celcius руу хувиргалгүй шууд 350 хэм гэж бичсэнийг 176 Celcius болж байгааг залруулан уншина уу. Тийм болохоор зуухныхаа халууныг 150-200 хэмийн халуун байлгахад бүрэн хангалттай.


2012/07/16

Загас утлага

Ажлын маань нэг нөхрийн эдлэн газар том бөгөөд тэндээ бараг жижиг хөл бөмбөгийн танхим болгочихоор том амбаартаа найз нөхдүүдтэйгээ арга хэмжээг их явуулна. Өвөл зуны сэлгэдэг машин, жижиг моторт завь, мотоцикл багтаад цаана нь гуч дөчин хүн ширээ засаад элбэг найрлаж болдог сайхан газар бий. Хийх юмаа хийчихсэн, ажил амьдралаа сайхан зохицуулчихсан тийм хүнийг харахад өөрийн эрхгүй цагаан атаархал төрдөг юм. За тэр ч яахав. Гол сэдэв маань тэр нөхрийн утсан загас. Зөв утсан загас алтан шар өнгөтэй харагддаг бөгөөд амт чанарын хувьд ярих юм биш. Утдаг зуух гээд юүтүб дээр хайвал бас зөндөө хувилбар олдоно. Нөхрийн зуух ч гэсэн тийм сүртэй хийсэн эд биш. Энгийн төмөр хавтанг үдэж болгосон л хайрцаг байдаг юм. Ингээд ийм хайрцаг бэлдэж өөрөө утдаг болмоор санагдлаа.

Энд байдаг монгол дүү хүүтэй нийлж барилгын дэлгүүрээр хэсэн, байгаа материалуудыг шилж сонгосоор дараах материалуудыг цуглуулж бэлдэв. Хайрцагны хэмжээгээ 60х100х40 см гэсэн хэмжээтэйгээр төлөвлөсөн болохоор 60х100 хэмжээтэй хавтан төмрөөс тавыг аваад булан зангидах өнцөгтэй төмрөөс хэдийг авч гараагаа эхэлцгээв.



Уул нь наадмаар бэлэн болгож загас утдаг баатар болох гэсэн ч ажлын завсраар болохоор олигтой урагшилсангүй. Гэвч нэг биш хоёр хүний гар толгой оролцсон юм болохоор түргэн бэлэн боллоо.








Ажлын нөхрийн зөвлөсний дагуу хоосон хоёр удаа гал түлж төмрийн давхрагыг утаагаар дарж авдаг юм байна. Тэрнээс хойш хэзээ ч доторхыг нь цэвэрлэдэггүй юм гэнэ. Боомт дээр байдаг загас утлагын зуухнууд яагаад тийм утаа тортогтой байгаад байдгийг сая ойлгов.





Ингээд Forella (хулд загас), Saibling гэсэн хоёр загаснаас туршилтын журмаар дөрвөн ширхэгийг авч өнөөх мастерийн зөвлөгөөгөөр усаар цэвэрлэж угаагаад давс перц түрхэж хөргөгчинд нэг хонуулав. Маргааш нь загасаа дахин усаар угааж ус шингээдэг алчуураар дотор гадаргүй арчиж усыг нь авдаг юм байна. Ингээд зуухаа Buche (эвэрлэг мод) гэсэн модоор галдаж загасаа шоронд хатгаж зөөлөрч бутрахаас сэргийлэн нарийн төмөр утсаар ороож, тэмтэрч үзэхэд хальс нь хатаж хуурай болох хүртэл нь хаалгыг нь онгойлгосон хэвээр утдаг юм байна.






Ингээд хальс хатсан бол хаалгыг нь хааж 60 хэмийн халуунтайгаар цаг гучаас хоёр цаг болгоход алтан шар өнгөтэй болсон бол зорилго бүтэх нь тэр дээ.
Бүр санаанд хүртэл алтан шар болоогүй ч амттай болох нь болсон л юм даг.




2012/07/04

Хамгийн цөөн тооны бичил схем (chip) болон код



Сайн hardware инженер болох Steve Wozniak шиг домог болсон инженерүүд болж өгвөл цөөн тооны бичил схем хэрэглэсэн дизайн хийдэг. Цөөн тооны бүтэцтэй байна гэдэг бол цөөнө тооны зардалтай бүтнэ гэдэг учраас хамгийн энгийн цөөн тооны тооцоолох схемтэй загвар бүтээхийг тэд хичээдэг.

Сайн software инженерүүдийн бичсэн код нь маш цөөн тооны мөр агуулсан байдаг. Цөөн тооны мөртэй байна гэдэг нь цөөн тооны төвөгтэй байдаг учраас дизайнаа болж өгвөл цөөн тооны кодоор бүтээхийг тэд хичээдэг. Цөөн код гэдэг бол ойлгохын тулд цөөхөн хүч зарцуулна гэсэн үг, асарч тордоход цөөхөн хүндрэл учрана гэсэн үг, өөрчлөлт хийхэд цөөхөн төвөг тулгарна гэсэн үг.

Ийм учраас ер нь инженерчлэлийн ертөнцөд цөөн зүйлээр юм бүтээнээ гэдэг нь цөөн тооны хүч болон төвөгтэй болноо гэсэн хариу дээр буудаг юм. Бичил схем ч бай програм ч бай, хамгийн цөөн тоогоор хийнэ гэдэг нь хялбарчлах буюу KISS зарчимд хүрэх хамгийн чухал арга билээ. Ихэнх систем хэрэв төвөг багатайгаар хялбарчилж чадсан бол хамгийн үр дүнтэй ажиллах болно гэж KISS зарчим тодорхойлдог. Ийм учраас дизайн хийх үед шаардлаггүй төвөгтэй шийдлээс зайлсхийлэн хялбарчлах аргыг зорилгоо болгох хэрэгтэй.

Муу орчуулагчийн өчил:
Эх нийтлэлийг нь та эндээс харна уу. Эх хэлэнд маань нэг үгийг олон янзаар илэрхийлж чаддагийг мэдэж байгаа хэрнээ зориуд "цөөн" гэж хэрэглэснийг минь ойлгож өршөөгөөрэй :)

2012/07/02

Дөрвөн бэрх

Гэртээ шагайгаар тоглож байгаад нэг санаа төрөв. Төрөв ч гэж дээ, дөрвөн бэрх буусан хэлбэртэйгээр нь түлхүүрний оосор хийчихэе гэж бодов. Ингээд барилгын материалын дэлгүүрээр баахан хэсэж хэрхэн түлхүүрний оосор болгох вэ гэж бодож баахан арга хайж оролдовоо. Нүхлээд наачихвал, цутгаад хатаачихвал, нүхэлж хадаасаар сүвлээд үзүүрий нь нугалчихвал, хоёр талаас нь таглаад боочихвол гээд л баахан бодож байгаад дараах шийдэлд хүрэв. Дөрвөн миллиметрийн зузаантай боолтоор боож болдог нарийн төмөр нэг метр нь нэг евро гэснийг аваад, түүнийг боож болдог боолт, тагласан бас нэг боолт зэргийг авав. Шагайгаа нүхэлж сүвлээд, сүвлэсэн төмрөө тайрч тааруулав. Сантеметр хавьцааны зай гаргаж давтаад нүхэлж бэлдсэн нь дараах зурган дээрх шиг боллоо.


За ингээд бэлэн болсон түлхүүрнийхээ оосорыг харуулъя.


Энэ түлхүүрний оосорт дөрвөн бэрх шинж чанар бий :) Нэгдүгээрх нь: Энэ дөрвөн бэрхийг аль ч талаар нь эргүүлсэн дөрвөн бэрхээрээ буусан мэт байрлалтай байх юм. Хоёрдугаарх нь: Сүүлийн тагласан боолтыг нь суллаж сугалаад дөрвөн шагайгаараа тоглож болно. Гуравдугаарх нь: Нүхэлж давтсан хэсгийг нь хасах зураастай боолтыг суллах юмуу чангалахад хэрэглэж болно. Дөрөвдүгээрх нь: Энэ бол хамгийн хүчтэй шинж чанар юм. Яагаад гэвэл хоёрдугаар дайны үед оросын цэрэгт тусламж болгож илгээж байсан малын махнаас үлдсэн шагайг нэгэн цэрэг долоо хоног хүлхдэг байв гэж дурдатгал бичсэн байсныг арван жилийн сурагч байхдаа уншиж байж билээ. Муу ёрлохгүй ч, хэрэв тулгарвал сарынхаа хүнстэйгээ л байгаа юм байна :)


2012/06/28

Skytel vs. Google

Өнөөдөр гадуур Скайтел компани анхны Монгол андройд таблет худалдаанд гаргалаа гэсэн мэдээ энд тэнд цацагдаж. Иймэрхүү царайтай эд аж:

Скайтел шинэ таблет худалдаанд гаргаад байхад бид нар яаж зүгээр суух вэ гэсэн бололтой Google хэдхэн цагийн өмнө Nexus 7 гэж таблет худалдаанд гаргах гэж байгаагаа зарлав. Уншигч танд сонирхолтой байх болов уу гээд энэ хоёр таблетийн техникийн үзүүлэлтүүдийг хооронд нь харьцууллаа:

Skytel Smart-ABGoogle Nexus7
7 inch 800x480 LCD7 inch 1280x800 IPS LCD
Android 2.3Android 4.1
512MB RAM1GB RAM
4GB ROM8GB/16GB ROM
800Mhz single-core ARM111.2Ghz quad-core Cortex-A9
3500 mAh battery4325 mAh battery
CDMA 800Mhz, EVDO Rev.Anone
360$ (491.000₮)199$

Моод Монголоор дуусна аа гэж... Янз нь Скайтел 100$-ын хужаа таблет дээр нутагшуулсан Андройд суулгаад гурав дахин нугалж зарж байгаа юм байна даа. Арай гайгүй үзүүлэлттэй таблет зарж болоогүй л юм байх даа. Цаагуур чинь үүнээс эхлээд гайгүй хямдхан таблетууд зөндөө л байна. CDMA сүлжээтэй өөр таблет олдсонгүй юу, эсвэл хямдхан юм аваад үнэтэй заръя гэж бодов уу?

2012/06/21

Simlock & building android kernel module

Аль өнгөрсөн өвөл 30 еврогоор simlock-той Huawei u8180 (Ideos X1) гэдэг Андройд гар утас авав. Simlock-ыг нь эс тооцвол дажгүй хөөрхөн утас аж. Уг нь 10 ногооноор simlock гаргана гэсэн үйлчилгээнүүд интернетээр дүүрэн байна. 30 евроны утсыг 10 доллар төлж түгжээ гаргахад дэндүү харамсалтай санагдаад, дээрээс нь бас ер нь яаж simlock гаргадаг юм бол гэсэн сониуч зан хөдөлсөн тул өөрөө түгжээ гаргадаг баатар болов. Simlock-ын тухай мэдээлэл интернетээр их ховор юм, бодвол зарим улсад түгжээ гаргах хориотой дээрээс бас зарим нөхдүүд мөнгө олох аргаа алдахгүй гэсэн юм болов уу даа.

Андройд гар утас маань Qualcomm MSM7225 гэсэн SoC-той юм байна. MSM7225 нь дотроо 2 ширхэг ARM процессор агуулдаг аж. 528 Mhz-ын хурдтай ARM11 процессор дээр нь Андройд үйлдлийн систем харин арай удаан ARM9 дээр нь GSM/UMTS-г хариуцсан AMSS (Advanced Mobile Subscriber Software) хэмээх үйлдлийн систем тус тус ажиллана. Энэ хоёр процессор дундаа 512MB-ын хэмжээтэй нэг л flash memory хувааж ашиглана. Гэхдээ AMSS нь Android-ын ашиглаж байгаа санах ойд хандаж болдоггүй, Андройд нь ч гэсэн нөгөө процессорын flash санах ойг хардаггүй аж.

Андройд, AMSS хоёр хоорондоо AT коммандын тусламжтайгаар харьцана. Хэрвээ та 99110000 гэсэн дугаар руу залгавал Андройд үйлдлийн систем AMSS руу зөвхөн "ATD 9911000" тушаал илгээнэ. Энэ тушаалыг аваад AMSS өгөгдсөн дугаар руу залгана. Андройд өөр юу ч хийхгүй, бусад дуудлагатай холбоотой бүх зүйлсийг зөвхөн AMSS хариуцна. Нэг ёсондоо Андройд маань гар утасны үйлдлийн систем биш харин зөвхөн гар утасны UI л гэсэн үг, харин AMSS маань гар утасны жинхэнэ үйлдлийн систем нь юм.

AMSS-д зориулсан flash санах ой дотор EFS2 гэсэн нэг partition байна. Энэ дотор IMEI (International Mobile Equipment Identity), SPL (Service Programming Code), simlock гэх мэт GSM/UMTS-тэй холбоотой бүх чухал мэдээлэл хадгалагдана. Тиймээс ямар нэгэн аргаар Андройдоос EFS2 partition-руу хандаж чаддаг байж түгжээ гаргадаг болно. Ингэхийн тулд янз бүрийн юм оролдож үзсэнээс хамгийн гайгүй арга нь kernel module бичиж харагдахгүй байгаа partition-уудыг харагдуулах арга байв.

Энэ аргыг ашиглахын тулд та гар утсаа шоронгоос гаргасан байхаас гадна Андройд SDK болон NDK 5b суулгасан байх хэрэгтэй. Үүний дараа та гар утсандаа тохирсон kernel олох хэрэгтэй. Би гар утсандаа таарсан kernel эндээс олов. Татаад задалсныхаа дараа гар утсаа компьютертэйгээ холбоод доорх тушаалуудыг бүрхүүл дээр бичээрэй:
  1. cd /path/to/kernel
  2. adb pull /proc/config.gz .
  3. gunzip config.gz
  4. mv config .config
  5. make ARCH=arm CROSS_COMPILE=/path/to/android/ndk5b/toolchains/arm-eabi-4.4.0/prebuilt/bin/linux-x86/bin/arm-eabi- modules_prepare
Одоо та шинэ хавтас үүсгээд дотор нь доорх файлыг mtd-hack.c гэж хадгална уу.


mtd-hack.c-г хадгалсан хавтас дотроо та хоосон Makefile үүсгээд дотор нь obj-m += mtd-hack.o гэж бичиж хадгалаарай. Одоо та доорх тушаалуудыг ашиглаад kernel module-аа build хийгээд, гар утас руугаа хуулж ажиллуулаарай:
  1. cd /path/to/mtd-hack-module
  2. make ARCH=arm CROSS_COMPILE=/path/to/android/ndk5b/toolchains/arm-eabi-4.4.0/prebuilt/bin/linux-x86/bin/arm-eabi- -C /path/to/kernel M=/path/to/mtd-hack-module modules
  3. adb push mtd-hack.ko /sdcard/mtd-hack.ko
  4. adb shell
  5. su
  6. cd /sdcard
  7. insmod mtd-hack.ko
Хэрвээ бүх зүйл амжилттай болсон бол таны бүх flash memory тань /dev/mtd/mtd9 гэсэн шинэ partition болж орж ирсэн байгаа. (EFS2 partition яаг хаана байгааг нь сайн мэдэхгүй байгаа учир бүх flash-аа нэг partition болгов) Та одоо энэ partition-ыг backup хийж авч болно:
  1. dd if=/dev/mtd/mtd9 of=/sdcard/fulldump.bin bs=4096
  2. rmmod mtd_hack
IMEI гэх мэд чухал мэдээллүүд EFS2 partition дотор хадгалагддаг гэж урьд нь бичсэн билээ. Энэ чухал мэдээлэл/тохиргоо бүрийг NV (non volatile) item гэж нэрлэх бөгөөд item болгон өөрийн дугаартай байна. IMEI жишээ нь 550 дахь item, харин AMSS version нь 60001 дэх item. Та одоо fulldump.bin файлаа дурын HEX editor-оор онгойлгоод "550n" эсвэл "60001n" гэж хайгаад үзээрэй, олдож байвал яаг тэнд чинь IMEI, AMSS version item-ууд хадгалагдсан байгаа.

Харамсалтай нь sim unlock key нь NV item биш, харин EFS2 дотор өөрийн гэсэн файл систем дотор perso.txt гэсэн файл дотор хадгалагдана. Тэгэхээр үүнийг эхлээд reverse engeneering хийж байж unlock key олно. Би одоохондоо үүнийг хийж амжаагүй байгаа. Гэхдээ цаад учрыг нь ольё гэхгүйгээр түгжээ гаргая гэвэл маш амархан арга нэг бий. Түгжээгүй утас нэгийг олоод EFS2-ыг нь backup хийгээд энэ backup-аа түгжээтэй утасруугаа хуулахад л хангалттай. Ингээд гар утас тань түгжээгүй болчихно. Гэхдээ арай л fun багатай арга юм даа...

2012/06/19

Би сонгуульд саналаа өгөөгүй, өгөхгүй

Хүлгийн сайныг унан байж, хүний сайныг нөхөрлөн байж таньдаг хэмээн ардын үг бий. Нам төрийн хэмжээнд нөхөрлөсөн хүн амьтан байхгүй ч сүүлийн энэ хорин жилийн хугацаанд хүлэг ч бай хүн ч бай чанарыг нь мэдэхээр хугацаа. Миний хувьд голдоо ортол ухаарсан хэдэн юм байдаг бөгөөд тэрнээсээ заримыг нь өнөөдөр бичмээр санагдав. Үгэнд нь хууртдаг байсан үе өнгөрсөн байх. Аль ч намын хэнбугай нь ч тэр юу ч ярьсан бай үр дүн нь бүгд ижил - худлаа, бүтэхгүй.

Нийгмийн аюулгүй байдал, эрүүл мэнд, газар шороо, сургууль боловсрол мөн соёл заншил гэсэн улс үндэстэнд хамгийн түрүүнд тавигддаг шаардлагыг "зөв" биелүүлж чадах хүчин шинээр төрсөн үед л би саналаа өгөх болно. Иргэн хүний өөрийнх нь мөн үр хүүхэддээ хүсдэг эрхэм хүсэл бол ердөө л энэ хэд. Энэ бүгдийг нэг хүн хийж чадахгүй, эсвэл нэг хүнээс шаардах бас утга үгүй. Харин улсын хэмжээнд хүчилж чадах шинэ хүч буюу нам хийж чадна. Нам гэж юу юм? Санаа зорилго нийлсэн хэдэн хүн шүү дээ. Бие дааж бас нэр дэвшиж болдог. Ганхуяг гуай шиг хүнд бол би саналаа өгнө. Хэнийг ч дууриалгүйгээр, заалгалгүйгээр бид өөрсдийн эх орноо хөгжүүлж чадна. Үүнд энгийн иргэн итгэх хэрэгтэй-ёстой. Хэн ч юу ч ярьсан бай өмнө дурдсан тэр хэдэн шаардлагыг зөрчиж байвал итгэлээ бүү өг! Хэн ч юу ч ярьсан бай энэ хэдэн шаардлагатай хэрхэн уялдаж байгааг заавал асуу! Хэн ч асууж болно. Хөгшин, залуу, хүүхэд, нохой харилцах чадвартай л бол асууж болно. Ингээд энэ асуултуудыг одоогийн нам төлөөлсөн, толгойлсон хүмүүсээс асуугаад үзээрэй. Тэрийг гээд та сонгосон бол дараа нь хэлснээ хий гэж шаардаж болно. Над шиг ингэж боддог хүмүүс олон байгаа. Тийм ч болохоор ард түмнийг шаардсан биш горьдсон байдалд байлгаж мунхруулж чадаж байгаа энэ гачлан удахгүй арилна гэж би итгэдэг нэгэн. Ард олон толгойгоо нэг л сэгсрэхэд тэд хэн бэ гэдгээ мэднэ шүү дээ...

2012/06/04

Хоолоор сойх - 14 цаг

Хүн төрөлхтөний гурван том мөрөөдлийн хоёр нь биелэлээ олжээ: Металыг хувиргах, дэлхийн татах хүчнээс тасрах. Харин гурав дахь мөрөөдөл болсон мөнхийн залуу байх жорыг зөвхөн бурхад л мэдэж хоцорчээ. Тэгвэл энэхүү гурав дахь мөрөөдөлд тэмүүлсэн аянд бага зэрэг дэвшил гарсан бололтой.

Компьютер болон өгөгдөлтэй ажиллаж чаддаг болсон технологийг био-анагаах ухааны судалгаатай хослуулснаар өндөр чанарын тоноглол бүрдэж, электрон тархи ашиглан өнөөх өгөгдөл дунд ямар нууц агуулагдаж байгааг судалж чадахаар болсон нь гол суурийг тавьсан бөгөөд бид бүхэнд хамаатай анхаарлын голд төвлөрсөн сэдэв бол: Бид яагаад хөгширдөг, хөгшрөх явцыг хэрхэн удаашруулж чадах вэ.

Энэ нь амьдрах хугацааг хүчээр уртасгах тухай биш, харин ч энэ үед байнга уртсаж байгаа (бурханы авралаар) хүмүний амьдралын хоёр дахь үе 50 давсан насандаа залуу цагийнхаа эрч хүч, эрүүл саруул биетэйгээ байж чадах чадварыг ямар нэгэн нэмэлт мэс засал хэрэглэлгүйгээр, зөөврийн түрдэг тэргэнд суулгүйгээр хэрхэн хадгалах, хүсвэл ная гарсан хойноо ч үгийн сүлжээ тааж чадахаар чадвартай байх тухай юм. Хэрэв бидний амьдралын тав тух, мөн амьдрах хугацааг уртасгадаг ийм сайжруулалт байх юм бол түүнийг сул юмуу сөрөг тал хэмээн харж үзэлтгүй билээ.

Сүүлийн зуун жилийн дотор барууны улс оронд хүний наслалт бараг хоёр дахин уртассан: Дархлаажуулалт, Антибиотик, сайн эрүүл мэндийн систем, нийгмийн амар амгалан байдал болон хүнсний чанар зэрэг нь үүнтэй холбоотой. Маш олон тохиолдолд үхлийн шалтгааныг урьдчилан мэдэж зогсоож болдог болсон боловч хөгшрөх явцыг зогсоож чадаагүй л байна.

Уншигч авхайг төөрөлдөхөөс сэргийлж нэгэн өгүүлбэр нэмье: нас уртасгах зориулалттай гэсэн эм, коктэйл эсвэл гормоны үйлчилгээтэй зүйл гэх мэт зүйлс огт байдаггүй юм.
Анагаах ухааныг компьютерийн технологитой хослуулсанаар богино хугацаанд маш олон туршилтуудыг асар түргэн зэрэг хийж, түүнийгээ шинжилж хурдан хариугаа авдаг болсон арга л хамгийн сүүлд тунаж үлдсэнийг анзааралгүй байснаа мэдэцгээж авлаа. Ингээд уг аргынхаа үр дүнд нь үнэхээр хөгшрөх явцыг удаашруулж болохыг илэрхийлсэн сонирхолтой нарийн ширийн зүйлс агуулсан хариу гарч ирэв. Мянга мянган жилд хүн төрөлхтөнд мэдэгдээгүй байсан зүйл, хөгшрөлтөөс сэргийлж чадах гол үндэс суурь бол бидний цогцлуулж буй амьдралд байна гэдгийг молекулын түвшин судалгаа хийдэг анагаах ухаан баталж байна. Бие махбодийг түүний дайсан болох тамхи, хэтрүүлсэн архидалт тэр байтугай илчлэгээр баялаг хоол хүнсээр ачаалалд оруулчихаад, нөгөө талаас нь болохоор насаа уртасгах гэж эм юмуу эмчилгээ шаардах нь утгаггүй гэсэн энгийн ойлголтоор энэ цогц амьдрал гэсэн үгийг хүлээж авбал зохилтой.

Амьдралын хэмнэл

Зуу зуун жилээр эртний христийн ертөнцөд мэдэгдэж байсан хөгшрөлтөд ямар нэгэн хэмжээгээр нөлөөлдөг энгийн нэгэн дүрмийг молекулын анагаах ухаанд үнэн хэмээн баталж байгаа бөгөөд энэ бол - биологийнхоо хэмнэлийг хүлээн зөвшөөрч сахих юм.

Бие мах бодь маань бидний тархинаас хамааралгүй биеэ дааж, өөрт буй эд эрхтэнгүүдэд нь өөрийн гэсэн оюу ухаан оршин байдаг бөгөөд бидний амьдрах нөхцөлд буй өдрийн юмуу амьдралын хэмнэлийг таньж мэдэж байдаг байна. Энэ хэмнэлд нь хүн захирагдах хэрэгтэй бөгөөд ингэснээр хөгшрөлтийн эсрэг аянд үр дүнтэй байх шинжтэй.
Бидний мах бодь бусад амьд амьтдын адил нарны гэрлийн тусгал, дэлхийн эргэлт болон дэлхий нарыг тойрон эргэж буй хэмнэлд зохицон оршиж байдаг. Энэхүү хэмнэл нь бидний генийн функцэд бичээстэй. Та үүнийг ноцтой анхааран авч үзэх хэрэгтэй бөгөөд дотоод эрхтэнд оршин буй оюу ухааныхаа эсрэг зүтгэж тэмцэнэ гэсэн том дух гаргах хэрэггүй юм. Өдөр болгон үйлддэг унтах гэсэн хэмнэлд бие мах бодь маань дассан байдаг бөгөөд өөрчилж гажуудуулахгүй мөрдөх зүйлийн нэг. Хэдий чинээ энэ хэмнэлийг өөрчилж, орондоо орох болон сэрэх хэмнэлээ гажуудуулна, төдий чинээ бие махь бодьдоо ойлгогдохгүй хүндрэл учруулдаг байна. Яг энэ хэмнэлээс өнөөх систем болон биологийн зүй тогтол хамаарч байдаг учраас хэмнэлээ болж л өгвөл барьж байхыг хамаг чадлаараа хичээх хэрэгтэй. Хоол идэх үеийн цаг хугацаа мөн биенд маань бүртгэгдэж байдаг бөгөөд түүнд тохирсон цагийн хэмнэл програмчлагдаж байдаг учир хэмнэлээ барьж чадвал тун сайн. Ямар ч тогтсон цаг хугацаагүйгээр хоол идээд байхаар биенд хүндрэлтэй байдгийг ихэнх хүмүүс өөрсдийнхөө амьдралын туршид анзаарч чадахаар байдаг.
Ялгадас өтгөн шингэнээ гаргах үйлдэл мөн үүнтэй ижил өөрийн гэсэн хэмнэлд байдаг бөгөөд болж л өгвөл баримтлах нь зүйтэй юм. Гэхдээ мөн биеэ амрааж баярлах, хөдөлгөөнтэй байлгах мөн спорт хийх хэмнэл бол хүн бүрийн мэдэж эрхэмлэх ёстой хэмнэлд орох бөгөөд үүнд таны бие махь бодь баяртай байх болно.

Удаан хугацааны туршид, хөгшрөх явцыг буцаах юмуу удаашруулж болдог генийн програм байдаг бол ашиглаж болох болов уу гэсэн эрдэмтэн судлаачдын асуултууд цоожтой хаалганы цаана тавигддаг байв. Гүрвэлийн нууцлаг чанар молекулбиологчдын нүдний өмнө тавигдсаар л байна. Энэ амьтан эд эрхтний нэг хэсэг нь устгагдах юмуу эсвэл дайсан довтлох тохиолдолд эрхтэнээ золиос болгож тасалж орхидог бөгөөд зарим гүрвэл генийхээ эмбрамыг идэвхижүүлж тасарсан үеэ нөхөн ургуулж чаддаг. Яг энэ ажиллах зарчимтай адилхан судалгааг шарх эдгэх процесс дээр хийж байсан ба энэ нь мөн хорт хавдар үүсэх явцтай ойролцоо байдаг байна.

Бас жирэмслэлт бол сонирхолтой хөшрөлтөөс сэргийлэх явц юм. Энэ үед эх хүний эд эрхтэний зарим нь дахин шинээр үүсэж, гений програм идэвхижиж шинэ хүн бүрэлдүүлж эхэлдэг.

Амьдрал уртасгадаг дарамт

Үнэхээр бидний бие онцгой дарамтанд оронгуут шинэ гени идэвхижүүлэх чадвартай байдаг бөгөөд энэ нь өөрийнхөө эд эрхтнийг хамгаалах, нөгөө талаас учирсан дарамтнаас болж үүсэх хөгшрөлтийн эсрэг хөнгөлж тэнцүүлэх зориулалтаар ажилладаг. Мэс заслын дараах шархны эдгэрэх програм бол үүний тод жишээ. Гэтэл орчны халуун хүйтний өөрчлөлт нь гений сонирхолтой идэвхижилд нөлөөлдөг бөгөөд энэ идэвхижил нь мөн л эд эрхтний хуучрал буюу хөгшрөлтөөс сэргийлж ажилладаг байх юм. Үүнийг одоогоор эрчимтэй судалж байна.

Анагаах ухааны цуглуулсан мэдээллүүд хэдийгээр сайн ч, тэр нь голдуу бидний эд эрхтэнд аюул занал тулгарч амьд гарахын тулд бүхнийг хийдэг тэмцлийн үр дүнг хэмжсэн хэмжүүрүүд бөгөөд хүнд дарамттай нөхцлийн үед авсан мэдээллүүд голлож байдаг ба энэ мэдээллээс харах юм бол, амьд гарах тэмцлийн үед хөгшрөх хэсгийг сул хаяж харин шинээр төлжиж байгаа эсүүдээ маш хямгадалтай аргаар хамгаалж эхэлдэг байна. Энэ хүнд нөхцлийн үр дүнд бидний биен дэх цусны сахарын хэмжээ буурч эхэлдэг бөгөөд эд эсүүд өлсөж үхэх аюулд тулгардаг. Цусан дахь сахар болон инсулины түвшин багасангуут бидний биений айх-реакц буюу бидний бие айдсаас болж авах энэ арга хэмжээ нь хөгшрөлтөөс сэргийлж чадах хааны гол зам болж байхнээ. Одоогоор бидэнд байгаа бүх судалгаа баримтууд хөшрөх явцыг өвдөг сөхрүүлж, амьдралаа эрүүл чийрэг жавхаатай авч явах нууц энэхүү "Өлсөх-аюул"-д нуугдаж байгааг зааж байна. Мэдээж эдгээр эрдэм шинжилгээний судалгаа нь амьтад дээр эхэлж хийгдсэн. Гэхдээ судалгааны үр дүнг харахад хүн дээр хийсэнтэй адилхан байх юм. Оюу ухаант хүний хөгшрөх явцыг тайлж чадсан бүрэн баримт бэлдэхэд өшөө хоёр зуун жил хэрэгтэй.

Хоолоор сойх нь бидний биенд сайн гэсэн сургаал юмуу үзэл нь Жүүд, Ислам, Христийн гэх мэт олон шашинд байдаг нь үнэн бөгөөд энэ бол бидний өмнөх өвөг дээдсийн маань ардын ухаан юм. Үүнд шинээр нэмэгдсэн нэгэн зүйл бол яагаад хэдэн мянган жил төрөл бүрийн соёл иргэншилд хоолоор сойх зөвлөмж юмуу сургааль өгдөг байсныг анагаахын шинжлэх ухаанаар тайлбарласан загвар гаргажээ.

Цусан дахь сахарын хэмжээ буурахаар биеийн халуун мөн буурдаг бөгөөд ингэснээр нэг талаас харах юм бол биеийн халуунтай уялдаатай байдаг физик үр бүтээмж багасдаг ч, нөгөө талаас харах юм бол биеийн хөдөлмөр хийх үед үүсдэг бидний эсийн бүтцийн үндэс болсон илчлэг протейнд саад болдог сул эсүүдийг эрчимтэй чөлөөлнө. Бид өөрсдийнхөө биеийг автомашинтай зүйрлэж болохгүй ч, энэ тохиолдолд яг таарах зүйрлэл бий болдог: Хэдий чинээ өндөр үр бүтээмжтэй байна, төдий чинээний их элэгдлийн аюул үүснэ. Хөгшрөлтөөс сэргийлэхэд бас өөрийн гэсэн золиос гаргах шаардлага үүснэ гэхэд Болцманы хувиралын (Boltzmannsche Entropi) онолыг санаж байдаг хүнд ойлгомжтой: Ямар нэгэн зохион байгуулалттай юм зохион байгуулалтгүй замбараагүй нөхцөл рүү ороод хэдий чинээ халуун болон хөдөлгөөнтэй байна, төдий чинээ замбараагүй зохион байгуулалтгүй байдалд шилжих магадлал үүсдэг.

Цусан дахь сахар багасах нь залуужихад бас өөр аргаар нөлөөлдөг: Хоёр нүдний дунд байрладаг Hypophyse хэмээх тархины булчирхай байдаг. Энэ нь өөрийнхөө урд хэсгээр бидний амьдралын чухал зарчмуудыг удирдаж байдаг нь: үржих, дарамтаас сэргийлэх, энерги зарцуулалт, нялх үр хүүхдээ хооллох болон биений өсөж томрох зэрэг юм. Сүүлд хэлсэн өсөж томрох явцыг Somatotropen гормон зөвхөн хүүхэд насанд юмуу шилжилтийн насанд биш цаашлаад бидний амьдралын туршид зохицуулж байдаг байна. Өсөлтийн гормон маш нарийн түвэгтэй аргаар эсийн бүтцэд байгаа протейн бүрэлдүүлэлт рүү бас сахарын нөөц рүү хандаж хуучирсан бүтцийг шинээр үүсгэж байдаг юм байна. Нас яваад ирэх үед буюу амьдралын дунд үеэс эхлэн өсөх гормон үүсгэх тархины булчирхайн хүсэл нь буурч эхэлдэг. Америкийн нэгдсэн улсад ийм гормоныг залуужуулах ундарга мэт хөгшин хүмүүсд мөнгөөр тарьдаг бөгөөд гэхдээ энэ нь цаанаа бас учир дутагдалтай: Ингэж тарьсаны нөлөөгөөр булчирхайнаас ялгарах гормон нь эд эрхтэнд заримдаа бага заримдаа их хэмжээгээр хувьсаж очдог тул энэ өсөж буурсан хэмжээ нь дараагийн үүсэх үр нөлөөнд тун хамаатай. Тарилт хийхэд нэг удаагийн үйлчлэл өгдөг ч гэсэн өсөх гормонд маш чухал үүрэгтэй байдаг дараагийн үргэлжлэл нь дутагддаг. Ийм учраас анагаах ухаанд хүний биеийг өөрөө өөрөөр нь өсгөдөг гормон үүсгүүлэх гэж олон оролдлого хийж байв. Зөндөө арга хайсны үр дүнд Аргинин (Arginin) хэмээх тодорхой хэмжээний өсөх гормоныг үүсгэж чаддаг Аминхүчлийг (Aminosäure) олж авчээ. Загас Аргинин хэмээх амин хүчлээр баялаг байдаг тул загасаар хоолох нь биенд сайн гэдгийн үндэс энэ билээ.

Аргининаас гадна, хүний бие өөрөө өсөх гормоноо үүсгэж болдог жор хайж байгаад бас нэгэн сонирхолтой үр дүнг ажиглажээ: Өлсөх дарамтын улмаас цусан дах сахарын хэмжээ буугаад ирэх үед өлсгөлөнтэй тэмцэж үхэж болзошгүй эсээ хамгаалан тэнцүүлэх гэж бие өөрөө Somatotropen гормон үйлдвэрлэж эхэлдэг байх юм. Гэхдээ тархины булчирхай бүхэл өдөржингөө өсөх гормоныг үйлдвэрлээд байдаггүй. Тэр зөвхөн тодорхой хугацаанд л төвлөрч чаддаг бөгөөд тэр нь харамсалтай нь шөнөөр болдог байна. Шөнийн 0.00 цагаас 2.00 хүртэл бидний бие өсөлтийн гормон үүсгэхэд бэлэн болж түүнийгээ цусан судал руу дамжуулдаг бөгөөд энэ бүх явц нь цусан дахь сахарын хэмжээтэй маш эмзэг мэдрэмтгий харьцаатай байдаг байна. Цусан дахь сахарын хэмжээ хэдий чинээ бага байна, төдий чинээ их өсөлтийн гормон үүсгэнэ. Хүний бие идсэн хоолоо бүрэн шингээж энерги болгож хэрэглэхэд ойролцоогоор 8 цаг шаардагддаг. Энэ үеийн дараа цусан дахь сахар багасаж эхэлдэг бөгөөд түүнээс үүдэн хоол унд идэх хүсэл төрдөг. Яг шөнө дундаас өсөлтийн гормоны үүсэх гол үе эхэлнэ. Ходоод хоосон, ямар ч хоол байхгүй болонгуут тархины булчирхайд өсөлтийн гормоноо нэмж үүсгэх тушаал ирдэг. Хэрэв яг шөнө дундаас найман цагийг ухраах юм бол 16 цагт очино. Энэ цагаас өмнө тэр өдрийнхөө хамгийн сүүлийн хоол ундаа идсэн байх хэрэгтэй болж байна. Түүнээс хойш найман цагийн дараа гэхэд хоол боловсруулалт дуусаж, ходоод хоосорсоноор цусан дахь сахарын хэмжээ буурч эхэлнэ.

Уул нь, орчин үеийн нийгэм таны амьдрах хугацааг богиносгох оролдлогуудыг санал болгож байдаг. Ямар ч хориг саадгүй хоол ундаар тэжээгдэх нь эрүү шүдэнд баяр авчирдаг ч амьдрах хугацааг тань богиносгож байгаа юм.
Шилжилтийн насны эмэгтэй хүнд илчлэгийн хэмжээг хязгаарлах нь маш чухал. Дотоод эд эрхтэнгүүд тийм ихээр ажиллаад байж чаддаггүй учраас идэх хэмжээгээ багасгах нь зүйтэй. Ингэснээр дунд насны эмэгтэйчүүдэд тулгардаг жин нэмэгдэх хүндрэлийг хөнгөлдөг юм. Тарган байна гэдэг бол биендээ эд эрхтнийхээ энерги болгож чадах хэмжээнээс хэтрүүлсэн хоол ундаар шахсаны илрэл. Тийм учраас ухаалаг эмч нарын эмэгтэйчүүдэд өгдөг, эрчүүдэд ч гэсэн хамаатай зөвлөгөө бол яг цадахынхаа өмнөхөн хоол идэхээ зогсоож бай гэдэг. Жаахан хөнгөхөн өлсгөлөн байх хэрэгтэй бөгөөд энэ нь эд эсэд маш сайн байх болно. Мэдээж орчин үед оройн хоолноос тэр болгон татгалзаад байж чадахгүй ч, алтан дунджийн дүрэм баримталж болох юм: 14 цагийн сойлтыг долоо хоногт хоёр удаа хийх. Үүнийг хийнэ гэсэн тушаал тархинаас ирэх ёстой бөгөөд нэг ёсондоо та үүнийг хүсэж мөн хийхэд бэлэн байх хэрэгтэй. Байн байн бүлээн цай юмуу ус ууж эхний ээлжинд догшин босож ирэх өлсгөлөн намдааж болно. Яваандаа өглөө босоход таны тархинаас сэтгэл ханамжийн сигнал ирж, таныг урамшуулдаг болох бөгөөд үүгээрээ та өлсгөлөн даадаг бас уламжлал болгож чадах болно.

Өлсөх аюулаас айж биенээс идэвхижүүлж ажиллуулсан ийм арга хэмжээнд бүр өшөө өргөн боломж байдаг байна. Одоохондоо бүрэн мэдэгдээгүй нэг явцын үр дүнд олон сая эсүүдэд ямар нэгэн засварлах боломжгүй, яваандаа буруу урган төлжиж магадгүй хор уршигтай байж болох эс бий эсэхийг шалгасан ерөнхий үзлэг хийдэг байна. Ийм эсүүд байвал цусан дахь сахарын хэмжээ багасаж ирэнгүүт "Apoptose-Programm" гэсэн програм тэдэн дээр тулж ажилладаг бөгөөд үр дүнд нь тэдгээр муу эсүүд амиа хорлохоос өөр замгүй болдог байна. Хэрэв цусан дахь сахар багассан, бас хэмнэх шаардлага гарсан бол мэдээж хамгийн түрүүнд эдгээр хэвийн биш эсүүд явах ёстой болдог. Энэ бол нас явах үед эд эсийн буруу юмуу хортой хөгжлөөс сэргийлсэн маш хүчтэй хамгаалах зарчим юм.

"Хоосон ходоодны мэдрэмжээс" арга билгийн таатай нөхцөл үүснэ: нэг талаас сэжигтэй эсүүд устах, нөгөө талаас өсөлтийн гормоноос нэмэлт эс үүсгэхийг шаарддаг. Бие үнэхээр өлсөж байна гэсэн мэдрэмж төрсөн үед л энэ хоёр зохицож ажилладаг юм байна.

Амьтад дээр туршсан ч гэсэн, хоол хүнсний дутагдалд ороод ирэнгүүт биеэ өөр төлөвт оруулж амьдралаа уртасгаж байгаа нь цэвэр генийн прогроамчлал мөн. Хүнсний илчлэгт хязгаарлалт хийгдэнгүүт DAF-16-Gen болон FOXO-Gen гэсэн хоёр ген нэмэгдэж идэвхиждэг бөгөөд энэ хоёр бидний эд эрхтний эмбрам үүсэх үед суурь болж оролцдог юм. Төрсний дараахан энэ хоёрын идэвхижил зарим эд эрхтэн дээр тодорхой шалтгаанаас болж янз бүр идэвхиждэг ч, үндсэндээ идэвхижилгүй амар тайван нөхцөлтэй оршдог. Ингээд цусан дахь сахарын хэмжээ багасаж ирэнгүүт энэ хоёр ген дээр идэвхиж гэсэн дохио очдог бөгөөд үүний үр дүнд эмбрам үүсэх явц үүсэж (амьтад дээр хийсэн туршилт дээр) ямартаа ч дахин шинээр өсөж эхэлдэг байна. DAF-16 ген бол өвсөн тэжээлт нисдэг амьтад болон бусад эрт галавын амьтдад байдаг бөгөөд тэд нарын амьдрах хугацааг уртасгадаг маш хүчтэй нөлөөтэй байж. Сүүн тэжээлтэн амьтан мөн хүнд энэ DFA-16 генээс FOXO-Gen ген бас түүнийг дагалдах портейн үүсдэг юм байна. Эд нар нь дарамт үүсэх үед эсэргүүцэж ямар генийг идэвхижүүлэх, эсвэл DNA засвар хийх мөн бойжих үеийн дархлаанд шаардлагатай протейнийг үйлдвэрлэхэд ямар генийг ажиллуулах вэ гэсэн дохиолыг дамжуулах үүрэгтэй. Энэ бүхэн ходоод хоосорч өвдөж эхлэнгүүт FOXO-Кomplex буюу энэ цогц системийг нэмэгдүүлж үйлчилж эхэлнэ. Цусан дахь сахар багасалт зөвхөн биенд шаардлагатай элментүүдийг үүсгэхээс гадна илүү цаана нь ялгаварлагдсан элементүүд эстэй урвалд орж идэхээс сэргийлдэг протейнийг үйлдэврлэдэг бөгөөд энэ нь тайван байдалд байгаа эсүүдийг ялгаварлагдсан элементийн эсрэг бат байлгаж чаддаг. Superoxyddismutase ба Katalase гэсэн хоёр протейн ийм төрөлд багтдаг. Энэ хоёр бидний эд эсэд маш эрчимтэй хяналт тавьж хөдөлгөөн хөдөлмөрлөлтийн үр дүнд үүсдэг ялгаварууд эсийг гэмтээхээс сэргийлж байдаг юм байна. Энэ хоёр хоёулаа цусны сахар багадалтын үед FOXO-н дэмжлэгээр үүсдэг. Хурдан хөдөлж хөдөлмөрлөж байгаа эсүүд онцгой их ялгаварлалт хийдэг ч давхар бас Proteinkinase P (PKP) буюу бас c-Akt хэмээн нэрлэгддэг эсийг үүсгэдэг бөгөөд энэ нь Apoptose (програмчлагдсан амиа хорлолт)-оос сэргийлж байдаг. Амарч байгаа эсүүдэд болохоор Proteinkinase P дутагддаг ч FOXO-3 ийн үйлчлэлийн дагуу унтаж байгаа нөхцөлд ордог бөгөөд ингэснээрээ ялгавар болон дарамттай нөхцөлөөс сэргийлэгдэж бас амар амгалан нөхцөлд ч гэсэн довтолж орж ирэх аюулаас хамгаалагддаг юм. Мөн тэр үед FOXO-3 ийн хүчээр "Mangansuperoxyddismutase" хэмээх дарамтны эсрэг бас нэгэн тэмцэгч идэвхиждэг.

Авгалдайн урт амьдрал

Авгалдай дотор бойжих явц бол маш эртнийх бөгөөд авгалдай дотроо удаан хугацааны туршид онцгой дарамтны эсрэг бат найдвартай байлгаж чаддаг 3 дугаар үе шат уруу шилжихэд FOXO-н өмнө байдаг DAF-16 шаардагддаг. Янз бүрийн үе шатыг туулсны дараа удаан хугацааны туршид бат найдвартай үлдэж чаддаг нь авгалдайн гурав дахь үе юм. Энэ үе шатанд авгалдай хоол хүнсний дутагдалд ордог бөгөөд ингэснээр өөртөө байсан илчлэгээ багасгаж эхэлдэг нь удаан хугацааны туршид хамгаалалттай амар амгалан байх таатай орчинд урих тасалбар болж өгдөг. Авгалдай дээр үзэгдэж байгаа энэ "илчлэгээ багасгаснаар" DAF-16 ихсэж үүний улмаас LIN-14 хэмээх авгалдайн хөгжлийн гормон үүсдэгчлэн, хөхтөн амьтан дээр болохоор сахарын хэмжээ багасангуут биен дэх FOXO ихсэж улмаар протейн үүсэж сахар зохицуулагч гормоныг (инсулин) удирддаг байна. Сахарын хэмжээ багасах нь сахар зохичуулагч гормон мөн бусад өсөлттэй холбоотой хүчин зүйлсийг янз бүрийн аргаар давхар багасгадаг бөгөөд үр дүн нь амьдрах хугацааг хүчтэй уртасгадаг байна.

Гэхдээ бас 2 дугаар генийн систем өлсгөлөнгөөс үүссэн илчлэгийн хязгаарлалт мөн цусны сахарын хэмжээтэй уялдаж эд эсийн удаан амьдрах чадварыг дэмждэг бөгөөд PHA-4 хэмээх өсөлтийг зохицуулж, бидний эд эрхтний хөгжилд хамт оролцож байдаг өндгөн эсийн зохицуулагч төрөлтийн дараа буурдаг ч хоол сойлт болон илчлэг багасаж эхлэнгүүт буцаад ихэсдэг. Өндгөн эсийн хөгжлийн үед энэ протейн нь хоол боловсруулалтыг бүрдүүлэх, нүүрстөрөгч-устөрөгч-солилцоог ажиллуулах, ялгаварлыг барьж авагчдыг бүтээх мөн гормон зөв дарааллаараа явагдаж байгаа зэргийг хариуцдаг. Энэ магадгүй насанд хүрсэн үед ч гэсэн илчлэг багасах үед тэр үүргээ биелүүлдэг тул ямар ч байсан тэрүүгээрээ хөгшрөх явцыг удаашруулдаг. Цусны сахар багасахад FOXO сэрдэг байхад, илчлэг багасахад PHA-4/FOXA идэвхижих замаар удаан амьдрах гентэй уялддаг байна.

Амьдрах хугацаагаа арав дахин уртасгагч - Исгэгч (исгэгч бактери)

Илчлэгийн багасалт нь амьдрал уртасгаж байгаа үйлчлэлийг исгэгч бактери дээр бас харж болдог. Илчлэгийн хэрэглээ буураад ирэнгүүт исгэгчийн эс тодорхой генээ хаагаад амьдралаа арав дахин сунгаж чаддаг. Үүнийг Америкийн Лос Анжелес Калифорнын Их сургуулийн судлаачид олж мэджээ. Ийм итгэмээргүй хэмжээгээр амьдралаа уртасгадаг ямар ч амьд амьтан байдаггүй юм байна.

Өлсөхийн сацуу RAS-2 болон SCH-9 гэсэх хоёр гени давхар багасдаг бөгөөд ингэснээр хоол сойлтоор урт насалж байгаа үзэгдлийг өшөө өргөтгөдөг. Энэ хоёр гени бас хүмүнд байдаг бөгөөд хавдар үүсэлтийг дэмждэг гэдгээрээ танигдсан байдаг юм.

Хүнсний дутагдлаас шалтгаалан идэвхижиж байгаа чухал генүүд бас эсд шаардлагатай Kohlenhydrat буюу сахарын хүчлийн хүрэлцээг зохицуулж байдаг. Энүүний утга учир нь төвөггүй ойлгомжтой: Хэрэв эс өлсөх аюул тулгарах юм бол жаахан ч гэсэн сахар оруулах гэж мэдээж хаалгаа нээнэ. Энэ бол дүрсэлсэн хэлбэр. Яг амьдрал дээр болохоор эс рүү сахар импортлох гэж генүүд идэвхиждэг бөгөөд эсийг өлсгөлөнгөөс болж үхэхээс сэргийлдэг бас нэг ажиллах зарчим юм. Ингэж нэг талаас сахарын хангамжийг сайжруулж, нөгөө талаас сахар цусан дотор байгаа мөртлөө эс рүү орж чадахгүй байгаад байдаг хөгшин хүмүүсд их ажиглагдсан хүндрэлийг зайлуулж байгаа юм. Энэ хөгшрөлтийн үед тохиолддог хүндрэлийг "Инсулины дархлаа" (Insulinresistenz) гэж нэрлэдэг бөгөөд голдуу жин хэтэрсэн хүмүүсд анзаарагдсан ба чихрийн шижин тусах эхний үе шат гэж тодорхойлогдсон байдаг байна.

Илчлэгийн хязгаарлалт нь бас чихрийн шижин үүсэхээс маш сайн сэргийлж чаддаг шинжтэй. Өлсгөлөн мэдрэмжээс идэвхиждэг амьд гарах болон залуужих генүүд хөгшин хүнд болон чирхийн шижин өвчингийн эхний шатанд байгаа хүмүүс дээр арай удааширсан хурдтай ажиллаж байдаг. Тийм хүмүүсд илчлэгийн хязгаарлалт хийнгүүт өнөөх гений ажиллагаануудыг хамгийн түрүүнд давуу эрхтэйгээр дарааллын урд тавьдаг. Энэ тохиолдолд заавал байнгын өлсгөлөн байх шаардлагаггүй, харин удаан хугацаагаар хоол хүнсэндээ тохирсон хязгаарлалт тавих нь дээр. Ингэж чадвал ген дээр сая дохиолол очих бөгөөд үр дүнд нь протейн үйлдвэрлэгдэж, эргэлдэж буй цуснаас сахарын хүчлийг импортлон түүгээрээ сахарын хэмжээг буулгаж чаддаг. Цусанд хэтэрхий их энерги, хэтэрхий их сахарын хүчил байх нь хөгшрөх явцыг хурдасгана.
14 цагаар ямар ч хоол унд идэхгүй болонгуут амьд үлдэхийн тулд ажилладаг програмын үйлчлэлээр сахар инсулин зэргээс хороож эхэлдэг. Энэ бол араб ертөнц дэхь рамадантай ижил чанартай: өдрийн цагаар идэлгүй зөвхөн шөнөөр хооллох дэглэмд шилжихэд олон давуу тал үүсдэг бөгөөд үүнээс болж өсөлтийн гормоныг илүү ихээр үйлдвэрлэдэг байна. Гэхдээ чихрийн шижин өвчний шинжтэй бол эмчийн зөвлөгөөтэйгөөр хийх нь зүйтэй.

Шинэчлэлийн нам тайван орчин

Өлсөх үед эсүүдийг амьд авч үлдэхийн тулд идэвхижиж, эсийг аварч чаддаг маш сонирхолтой нэгэн генийг Sirtuine гэж нэрлэдэг бөгөөд уг үгийн үндсэнд "Silencing" хэмээх "Нам гүм, чимээгүй" гэсэн утга оршиж байдаг ба эсийн амар амгаланг тодорхойлж байдаг юм байна. Энэ амар амгалан байдал бидний эд эрхтнүүдэд засварлах ажиллагаагааг эхлүүлэх нөхцлөөр хангаж өгдөг бөгөөд ингэснээр эвдэрсэн эсийг засах юмуу шинээр эсүүдийг үйлдвэрлэж эхэлнэ. Ингэж өнөөх илчлэгийн хязгаарлалтаас гарах бас нэгэн давхар үр ашиг гарна: Нэг талаас засах боломжгүй болсон эсүүдийг устгах, нөгөө талаас засварлах боломжтой эсүүдийг хэвийн байдалд нь оруулж засах. Үүнийг Sirutine генийн гаргасан амар тайван байлгадаг протейнийг ашиглаж эсүүдийг засварт оруулж гүйцэтгэнэ. Хоол боловсруулах үед ус төрөгчийн атом ялгардаг бөгөөд үүнийг биенд байгаа энергийн хэмжээг мэдэх мэдрүүр болгож чаддаг гайхамшигтай систем бий. Хэрэв их олон устөрөгчийн атом протонтойгоо байвал сайн хоол иджээ гэсэн үг. Их хоол идсэн байвал боловсруулах үед их хэмжээний устөрөгчийн атом бий болдог. Хэрэв хоол хүнсний хэмжээ багасах юм бол эд эрхтний устөрөгч боловсруулах явц нь хязгаарлагдаж үүнийг бусад эд эсүүд онцгой мэдэрдэг юм байна. Боловсруулах үед үүссэн устөрөгчийн атомын хэмжээгээр хэдий хэмжээний хоол хүнс биенд орж ирсэнийг ийнхүү мэдэж чаддаг. Протоны хэмжээ буураад ирэнгүүт биений энергий багаслаа гэж мэдээд Sirtune генийг дуудаж хоол хүнсний боловсруулалт зогслоо, одоо засварлах ажиллагаагаа эхлүүлж болно гэж мэдэгддэг байхнээ.

Саяханаас анагаах ухаанд нэгэн бодис нээж олсон бөгөөд түүнийг бага хэмжээний сахартай үед зовлонгүйгээр ген болон генийн багц дээр яг өмнө дурдсан шиг засварлах ажиллагааг хийдэг болж чадсан юм. Энэ бодис усан үзэмний хальсны бүтцэд оршдог химийн нэгэн элемент (Resveratrol) юм. Тэрээр усан үзэмд маш чухал үүрэг гүйцэтгэж байдаг: түүний химийн шинж чанар нь хөгцнөөс хамгаалсан байдаг болохоор усан үзмийг хөгцрөлөөс сэргийлдэг. Халуун өдрөөс чийглэг шөнөөр шилждэг газарт маш их манан үүсдэг бөгөөд тийм орчинд хөгц усталгүй тогтох чадвар нь илүү байдаг тул ийм газарт ургасан усан үзмэнд уг бодис их агуулагдаж байдаг юм байна. Ийм газарт ургасан усан үзэм хөгцрөлөөс сэргийлж уг бодисыг ихээр агуулдаг тул түүнээс гаргаж авсан улаан дарсанд арвиун оршдог учир эсийг хөгшрүүлэхгүй залуугаар нь удаан байлгаж чадах амархан аргын нэг байж чадах юм.

Жингийн илүүдэлтэй хүмүүс хурдан хөгширдөг

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан тооцоогоор хамгийн багадаа арван хүн тутмын нэг нь жингийн илүүдэлтэй байдаг. Барууны орнуудад энэ харьцааны хэмжээ нь 25% бөгөөд зарим талаараа түүнээс давсан байна.
Хэтрүүлсэн хоолноос болж судасны гадна хальс, элэгний эс, цусан дахь булчингийн бүлэг эс мөн дархлаанд чухал үүрэгтэй нэгж эсүүд гэх мэт маш олон эсүүд зовлонд унадаг. Хэтрүүлсэн идэлтээс болж маш их ялгарал үүсдэг тул хэдий чинээ их иднэ төдий чинээ ялгарал үүсэж дарамт учруулдаг. Түүнээс болж өнөөх алдартай хорт урвал үүсдэг бөгөөд тэр нь шархлах нөхцлийг эхлүүлдэг байна. Хоолоо ихдүүлэх нь бас байнгын шархлуулалтыг үүсгэнэ. Хүнс хэтрэх нь бидний эсийн үйлдвэрлэлд бас зовлон авчирдаг бөгөөд хэдий их ажиллаад байна төдий чинээ илчлэгтэй болдог нөлөө үүсдэг. Протейн үйлдэрлэгч маань маш их хэмжээний үйлдвэрлэгдсэн илчлэгт умбаж протейнуудаа хаашаа яаж зохицуулах удирдлагаа алддаг. Зөв дараалалгүй, удирдлагаггүй болсон протейнууд сүүлдээ зөвхөн дарамт учруулах л үүрэгтэй үр ашиггүй болж сууцгаадаг.

Хэтэрсэн идшэнд бас нэг гурав дахь муу нөлөө бий: Хоолыг энерги болгож хувиргадаг эсийн нэг бүтэц болох Mitochondrien, хоол боловсруулалтын эцсийн бүтээгдэхүүн Acetyl-Coenzym-A хэмээх бодис хэт их боловсруулагдсанаас болж хүнд дарамтанд орж эхэлдэг. Яагаад гэвэл, хэтэрхий их үүссэн энэ бүтээгдэхүүнийг Mitochondrien хааш нь шингээхээ мэдэхээ болино. Үүнээс болж хоолыг энерги болгох явц сааталд ордог. Эцэст нь энэ бүхэн дуусашгүй давталттай зовлон болж хувирна: Маш их энерги үйлдвэрлэх шаардлаганд живж байгаа мөртлөө энерги үүсгэхэд шаардагддаг чухал бодис Adenosintriphosphat-г хоолноос хувиргаж чадахгүй болдог.

Ингэхээр энэ гурван зарчим идэш ихдэнгүүт идэвхиждэг бөгөөд биений хөгшрөлтийг хурдасгадаг байна. Ихэдсэн хүнснээс болж үүсэх илүү ялгарал, замбараагүйдлээс болж буруу байрласан протейнууд, хоол боловсруулалтын эцсийн бүтээгдэхүүн Acetyl-Coenzym-A хэт их үүссэнээс хоолноос энерги үүсгэгч Mitochondrien ажиллах чадвараа алдах зэрэг нь бүгдээрээ алтан дунджаасаа хэтрүүлж хоолоо ихдүүлсний муу үр дагаварууд.
Энэ гурав гурвуулаа нэг дохиоллын систем рүү цутгаж тэр тоолондоо Phosphokinasen болон nuklearen Faktor Kappa B гэсэн хоёр молекул зонхилсон системийг сэдрээж энэ хоёрын гол чаддаг юм болох хорт хавдар болох нөхцөл биелдэг. Эцсийн үр дүнд зөвхөн дүүртлээ чихсэнээсээ болж бактерийн нөлөөгүйгээр шархлах процес үүсэж хавдар болдог байна.

Энэ дохиоллын үр нөлөөнд хамгийн түрүүнд эс рүү орох ёстой сахарын хүчилд саад тулгардаг. Phosphatitylinositol-3-Kinase-System гэж нэрлэгддэг систем сааталд орсоноор сахарын эсрэг дархлаа үүсэж түүнтэй уялдаатай олон асуудал ургана. Ажиллаж хөдөлмөрлөхөд оролцдог булчингийн эс төдийхнөөр биш сахар хүлээж авах ёстой тархинд хүртэл сахарын эсрэг дархлаа үүсэж, сахар болон амин хүчил авах чадваргүй болно. Тэгэнгүүт тархиар удирдагддаг бие маань сахарын хангамж дутагдангуут илүү жингийн илчлэгээс энергээ авна хэмээн тооцож, таргалуулж байгаа эсүүдээ хамгаалж, илүүдэл хоолны талаарх гормоны мэдэгдлийг үл тоон идэх ёстой хэмээн айхтар өлсөж байгаа мэдрэмж төрүүлдэг тул засахад тун хэцүү болно.
Судасны систем, артерийн дотоод хальс үүнээс болж зовдог нь урьд өмнө мэдэгддэг байсан юм. Жин нэмэгдэлт нь эрхтэн болгонд тулгардаг учраас судасны дотоод хальс хэсэг (Endothel) шархлалтаас болж тогтоож дийлэхгүй болж ирдэг. Энэ нь нэг талаас судасны хатуурлыг дэмждэг бөгөөд нөгөө талаас биеэс гарах ёстой хийн явцыг удаашруулдаг, өөрөөр хэлбэл, энэ нь цусны эргэлтийг сайжруулж хатуурлын эсрэг тэмцдэг жижиг молекулууд багассаны үр дагавар юм.

Муу орчуулагчийн өчил

За ямартаа ч, өмнөх аргыг бодвол бас нэлээн сонирхолтой энэ нийтлэлийг уншаад та бүхэнтэй хуваалцмаар санагдсаных, ядмаг орчуулан аядав. Герман хэлэндээ гурван алд гүнзгий хүн байвал эх нийтлэлийг нь уншаад намайг шоолж болно. Миний хувьд энэ сойлтыг хийгээд хоёр долоо хоног болсны дараа амьдралдаа анх удаагаа бүснийхээ нүхийг нэгээр чангалсан юм. Олон жил нэг л нүхэн дээр байсан бүсний бал болсон ормыг цоо шинэ нүхээр солиход сонин байв :). Өглөө босоход хамар битүү юмуу шөнөжингөө зодолдсон юм шиг хүн сэрдэг байсан бол (олон жил алерги тээж яваа нэгэн) одоо харин ч нэг цоо эрүүл хүн өндийдөг болсон билээ. Сарын өмнө шахуу зурагтаар хүн төрөлхтөн мөнхийн залуу насыг хүсэн мөрөөдөж байдаг, холливудын одуудын хэрэглэдэг арга, тэдний үнэ ханшны талаар өгүүлсэн нэвтрүүлэг гарсан бөгөөд духанд үүсэж байгаа үрчлээг гаднаас нь ямар ч тосоор арилгахгүй (antiage creme), учир нь тэр бүхэн бүгдээрээ генийн үйлчлэлтэй учраас үр дүнгүй гэж байх юм. Тэгээд тэрний эсрэг шинэ гарсан, ялангуяа оросын оддууд, баячуулын хэрэглэдэг арга болох сүүжний ясны гол хэмээс авсан цусыг бие рүү шахаж эсийг шинэчлэх гэх мэтийн талаар сонирхолтой зүйлсийг өгүүлж, ердийн хүн үнэ хөлсгүйгээр тэр оддуудаас хамаагүй илүү үр ашигтай урт насалж, залуугаараа байж болно гэж энэ Австри улсад байгаа эмчийн талаар хальт үзүүлсэний дараа гүүглдэж олоод олзуурхан орчуулав. Түүний тавьсан бас сонирхолтой хэдэн нийтлэл бий, зав гарвал орчуулахыг бодноо. Шуналтаж арван дөрвөн цаг сойгоод араас нь сармистай архи хусвал яах бол гэсэн тэнэг бодол бас толгой дундуур тууж явдаг шүү! :)